Аливаа зүйлд хязгаар бий. Сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Хатуу мэдээ” гэх пэйж хуудсыг ажиллуулдаг Б.Мөнхтөр, Ноцтой мэдээ сонины эзэн, яруу найрагч Б.Галсансүх, ТВ4 телевизийн захирал Т.Алтаншагай нарын хууль бус, ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Та нарын үйл ажиллагаа шүүмжлэл биш доромжлол, гүтгэлэг, заналхийлэл болоод удлаа. Хуулийн болоод сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн хязгаараа та бүхэн аль хэдийнэ давчихсан. Миний бие олон нийтэд болон сэтгүүлчдэд энэ байдлыг нээлттэй мэдээлэхээс өөр зам үлдсэнгүй. Тэд ер нь яагаад над руу дайрах болов оо?!

ТВ4 телевиз Б.Чойжилсүрэнд худалдагдаж, Тост тосон бумбын тэмцлийн үнэнийг гуйвуулж, намайг хагас жилийн турш гүтгэн доромжилсон. Худалдагдсан сэтгүүлч гэж тэднийг хэлнэ. Худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж ТВ4 телевизийг хэлнэ.

Б.Галсансүх “Чи баяжсан тул мөнгө өг” гэж дарамтлаад өгөхгүй болохоор шантаажилж эхэлсэн. Шантааж гэж үүнийг хэлнэ.

Б.Мөнхтөр гэдэг хүн манай компанид ажиллаж байгаад хүнд хутга тулгаж, эмэгтэй хүнд халдаж, компанийн бичиг баримт хулгайлаад ажлаас гарсан. Одоо томоохон компанийн захиалгаар намайг гүтгэх, сэтгүүлзүйн салбарыг тэр чигт нь харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Сэтгүүлчийн нэр барьсан шантаажчин, сошл орчинд нэрээ, зүсээ нууж мэдээллийн хүчирхийлэл үйлддэг хүний тод жишээ нь энэ хүн.

А.Бүрэнбаатар хэмээх энэ залуу Тост, тосон бумбын тэмцэл болон хотын даргатай маргах үеэр гэнэт л тодорхой үндэслэлгүй шүүмжлээд гараад ирсэн. Би түүнийг мэдэхгүй, огт уулзаж байсангүй.

Тэд одоо нэгдэж нийлээд зохион байгуулалттайгаар намайг гүтгэн харлуулах, хайртай дотны бүхнийг минь доромжлон гутаах ажлыг эрээ цээргүй хийж байна.

Тэд МСНЭ-ийн ерөнхийлөгч гэхээр маш их эрх мэдэл, шантааж хийх боломж гэж харсан бололтой. Тиймээс хэдэн үг хатуухан хэлэхгүй бол болохгүй нь. Их ч удаан тэвчлээ. Одоо болно оо, та нар.

Худалдагдсан сэтгүүлч, худалдагдсан хэвлэл олон болж байна. Үүний эсрэг тэмцэнэ гэж хэлснийг “Бүх сэтгүүлчид худалдагдсан” гэж хэлсэн мэтээр гүтгэсэн.

Б.Чойжилсүрэнгээс мөнгө авах гэж шантаажилж байна гэж гүтгэсэн.

МСНЭ-ийг 650 сая төгрөгөөр худалдаж авсан гэж гүтгэсэн.

МСНЭ-ийг Хятадад дагаар орлоо, хэдэн сэтгүүлчдээ зарчихлаа гүтгэсэн.

Одоо “Сэтгүүлч” ордныг Хятадын ССТВ-гийнх гэж гүтгэж байна.

Улаан нялзрай хүүхдүүдийн минь зургийг тавьж байгаад ургийн ёслолыг минь гутаан доромжилж, зүсэн бүрээр гүтгэлээ.

Гэр бүл рүү маань дайрч, доромжиллоо.

Эцгийг минь Хятад гэж гүтгэлээ.

Сэтгүүлзүйд шантаажны хонгил бий болсон гэж А.Бүрэнбаатар мэдэгджээ. Тийм хонгил байдаг бол та нар авторууд нь. Үг, үйлдэл, үерхэл чинь ингэж харагдаж байна.

Та нарын энэ ёс бус, хууль бус үйлдэл чинь мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагаа мөн үү?

Сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг та нөхөд ингэж дээшлүүлэх үү?

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагааг харлуулж, хоолоо олж иддэг салбараа тэр чигт нь дайрч доромжилж байгаа үйлдэл чинь зөв зүйл үү?

Та нар сошлд бусдыг гүтгэж, доромжлоод энэ салбарт нүүрлэсэн сэтгүүлч худалдагдах явдлыг зогсоох юмуу?

Та нар шантаажлаад байхаар би шударга ёсны эсрэг тэмцлээсээ буцах уу?

Миний бие ямар хууль, МСНЭ-ийн дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг тайлбарлаж чадах уу?

Би та нөхдийн талаар цаад захиалагчтай чинь хамт бүтэн цагийн нэвтрүүлэг хийж бүх асуудлыг олон нийтэд ил тод зарлах болно. Одоо та нар элдэв бусын чат илгээж намайг дахин гүтгэхээр оролдож байна. Тохиролцохгүй бол хохь чинь шүү гэж дарамталж байгаа. Надад та нараас айх шалтгаан байхгүй. Хүүхэн хүчиндсэн болгох гэж хүртэл хүн хөлсөлсөн бичлэг, баримтыг чинь хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдэд тараасан. Тэглээ гээд би зогсохгүй.

Хатуу хэлье. Шударга үнэн хэзээд ялдаг юм. Та нарын энэ бузар булай хуйвалдаан олон нийтэд нэгэнт ил болсныг ухаар. Намайг зорилгоосоо ухарч няцахгүй гэдгийг эздэдээ хэлж ойлгуул. Би албан тушаалд дуртайдаа биш, ийм адгийн шаарнуудаар энэ салбарыг доромжлуулж болохгүй учраас ажлаа өгөхгүй. Горьдсоны чинь гарз. Яг үнэндээ энэ постыг бичиж суух цаг надад дэндүү хайран байна.

Монголын сэтгүүлзүй тунгалагшин хөгжинө гэдэгт би итгэдэг. Шударга сэтгүүлчидтэйгээ хамтарч үүний төлөө ажиллана. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Сэтгүүлчид хараат бусаар ажиллаж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулна. Салбарын хуулиудаа батлуулах болно. Сэтгүүлч ордноо заавал бүтээн байгуулна. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Та нарын зохиосон шантаажны хонгилыг нураах болно.

Зогсохгүй, ухрахгүй, няцахгүй тэмцэх болно.