Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид хавтаст хэргүүдээс хүргэж байгаа билээ. Энэ удаад Моннис Интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б. Чулуунбаатар гадаадын иргэнд их хэмжээний мөнгө залилуулсан хэргийг онцолж байна.

Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мохаммед Ибрахим Мунши /Mohamed Ibrahim Munshi/ нь Монгол Улсад болон Олон улсад бүртгэлтэй “Гоби Коал энд Энержи” /Gobi Coal and Energy LTD/, “Зараяа Холдингс” ХХК /Zaraya Holdings LTD/ компаниудын захирлаар ажилладаг. Дээрх компаниуд нь Монгол Улсад уул уурхайн чиглэлээр их ашигтай том төсөл хэрэгжүүлж байгаа, ирээдүйтэй компани, оруулсан хөрөнгөө хэд дахин өндөр ашигтайгаар эргүүлэн авах боломжтой, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани гэж хөрөнгө оруулахыг ятган, хөрөнгө оруулагч болсны хариуд Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал өгнө, мөн цаашид Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Гоби Коал энд Энержи лимитед” /Gobi Coal and Energy LTD/, “Зараяа Холдингс” /Zaraya Holdings/, “Бумбат Консолидетэд лимитед” /Bumbat Consolidetid/ компаниудын бүхий л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч, хамтдаа удирдах болно гэж хэлж илгэл үнэмшил төрүүлж, 2010-2011 оны хооронд Монгол Улсын иргэн “Моннис Интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Бийлэг овогт Базын Чулуунбаатараас 25.500.000 ам.доллар буюу 31.601.969.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэрлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд нь Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Пакистан улсад төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт оршин суух, Австрали улсын Е4066177 дугаар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын GBR504575002 дугаартай паспортуудтай, Мохаммед Ибрахим Мунши гэгч юм.

Б.Чулуунбаатар нь Мохаммед Ибрахим Муншитэй 2009 онд ажил хэргийн шугамаар танилцаж байсан, танилцахдаа Монгол Улсад Чингис зочид буудалд “Петровис” ХХК-ийн захирал Оюунгэрэлээр дамжуулан уулзаж танилцаж байсан ажээ. Мохаммед Ибрахим Мунши Монгол эхнэртэй болохоор нь итгэж хөрөнгө оруулсан ч залилуулсан хэмээн Монголын толгой баячуудын нэг Б.Чулуунбаатар хэлсэн байх юм.

Тэгвэл Б.Чулуунбаатарыг залилсан нь тогтоогсон Мохаммед Ибрахим Мунши үйлдсэн хэргийнхээ талаар шүүхэд ийнхүү хэлж өөрийгөө өмөөрчээ.  Тодруулбал,

: “…Улсын яллагчийн яллах дүгнэлтийн 2 дахь хуудсанд байгаа тоонууд бүгд буруу байна. Энэ нь анх хохирогч мэдүүлэг өгөхдөө дурдаж байсан тоонууд байна. Тоонууд нь буруу байсан учраас манай талаас нотлох баримт гаргаж өгөөд дахиж ийм мөнгө шилжүүлсэн юм гээд өгөхөөр хохирогч өөрийнхөө мэдүүлгийг өөрчилж тоогоо зөвтгөөд явдаг. Энэ талаар 6 мөрдөн байцаагч, 3 прокурор анхаарч үзэхгүй өөрчлөх боломжийг нь олгож байгааг ойлгохгүй байна. Дэлхийн ямар ч оронд энэ нь боломжгүй зүйл байдаг. Яагаад ингээд байдаг юм бэ гэсэн асуулт байгаа. Хоёрдахь том асуудал нь хэргийн харъяаллын асуудал байгаа. “Гоби Коал энд Энержи” ХХК, “Зараяа Холдингс” ХХК-ийн хувьд Монголын банкаар дамжуулж хийгээгүй. Хонг Конг улсын банкаар дамжуулж хувьцааны төлбөрөө хийсэн. Хувьцаа нь Монголд олгогдоогүй, Хонг Конг улсад олгогдсон. Хувьцаа нь гэрээн дээр үндэслэгдсэн гадаадад бүртгэлтэй компани байгаа. “Бумбат Энержи” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй, ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй тул тайлбар хэлж мэдэхгүй байна. Хэргийн харъяаллын хувьд Монголд байх боломжгүй, хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт гэрээний болон иргэний маргаан байх боломжтой, хоёрдугаарт Монгол улсад үйлдэгдээгүй хэрэг байна. Хувьцаа худалдах, худалдах авах гэрээтэй холбоотой маргаан гарах бол Хонг Конг улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Анх хэрэг үүсээд мэдүүлэг өгөх үеэсээ л тэр тэр дансанд тэдэн төгрөг орсон гэж тоогоо хэлж байсан. Түүнээс хойш нэг ч өөрчлөлт хийгээгүй, тогтвортой мэдүүлэг өгч байгаа гэдэг нь нотлох баримтаар нотлогддог. Гэтэл хохирогч мэдүүлгээ дахин дахин өөрчилдөг. Чулуунбаатар анх надтай яаж, хэнээр дамжуулж танилцсан талаараа худлаа яриад байдаг. Чулуунбаатарыг анх надтай тухайн үед ерөнхий сайд байсан Су.Батболд гэдэг хүн танилцуулж хөрөнгө оруулах хүсэлттэй байгаа гэж байсан. Оюунгэрэл гэдэг хүн нь “Зараяа Холдингс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Гэхдээ Оюунгэрэл надтай Чулуунбаатарыг танилцуулаагүй. Чулуунбаатар нь хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн компанитай холбоотой бүх мэдээллийг гаргуулж аваад түүндээ үнэлэлт дүгнэлт өгдөг процессыг хангалттай хийсэн. Хувьцаагаа 3 үе шаттай худалдаж авсан. 2011 оны 10 сараас эхлээд 2011 оны 05 сар хүртэл нийт 7 сарын хугацаанд 3 удаагийн худалдан авалт хийж хувьцаагаа авч байсан. Тэгэхээр нь 3 удаагийн үйлдэл хийж байгаа нь хяналт шинжилгээ үнэлгээгээ хийгээд манай компанийг ашиггүй, үр дүнгүй гэж үзсэн юм бол яагаад дараа дараагийн худалдан авалтыг хийгээд байсан юм бэ, “Моннис интернэшнл” ХХК нь зүгээр нэг жижиг компани биш, том компани, энд тэнд хөрөнгө оруулдаг. Хэрвээ манай компанийг судалсан хийсэн шинжилгээний үр дүнд сэтгэл хангалуун бус байсан юм бол яагаад дараа дараагийнхаа худалдан авалтыг хийгээд байсан юм бэ, 2011 оны 06 дугаар сард Монголын хувьцаа эзэмшигчдээс манай компанийн 525 ширхэг хувьцааг худалдаж авсан байдаг. “Моннис интернэшнл” ХХК нь манайд хөрөнгө оруулалт хийх гэж судалж байхдаа дангаараа яваад байгаагүй. Гадаадын Моунтайн /Mountain/ хөрөнгө оруулалтын мэргэшсэн компанитай нийлээд дүн шинжилгээ хийж байсан. Манай компани 180 хувьцаа эзэмшигчтэй. Ихэнхи нь хөрөнгө оруулалтын талаар мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг хувьцаа эзэмшигчид байгаа. “Моннис интернэшнл” ХХК-иас манай компаниас хүсч байсан нэг зүйл нь эдгээр хувьцаа эзэмшигчтэй танилцах, тэдгээртэй цаашид нийлж бизнес хийвэл ямар вэ гэдэг талаар хандах шалтгаан байсан юм шүү. “Моннис интернэшнл” ХХК-тай харилцаж байсан ч юм уу, хөрөнгө оруулалттай холбоотойгоор хоорондоо явуулж байсан цахим шууданг хэрэгт хавсаргахаар гаргаж өгч байсан. Гэтэл 3 прокурор, 6 мөрдөн байцаагчийн хэн нь ч тоож уншихгүй өдийг хүртэл явлаа. Тухайн үед 2011 онд нүүрсний үнэ маш их өндөр, нүүрсний бизнес маш ашигтай байсан. Тухайн үед “Моннис интернэшнл” ХХК нь Германы хөрөнгө оруулагчийг оруулах, манай компанийн хувьцааг худалдаж авахыг ятгах үйлдэл хийж байсан. Гэтэл одоо намайг хуурсан, залиласан, ятгасан гэж ярьж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэж байгаа. Тэр гэрээний хаана нь ямар зүйл заалтад ятгасан, хуурамч мэдээлэл оруулаад та ийм ашиг олно гэсэн өгүүлбэр байна вэ, ятгасан хуурсан, залиласан гэдэг нь Чулуунбаатарын өөрийнх мэдүүлэг, зохиож байгаа үг өгүүлбэр дээр суурилж байна. Гэтэл бид нар хэрэг үүссэн цагаас эхлээд шаардлагатай бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. Чулуунбаатар компанид шаардлагатай дүн шинжилгээ хийсэн гэдгийг нотлох захидал гаргаж өгсөн. Гэтэл энэ бүхнийг уншихгүйгээр тоож харахгүйгээр шүүх хурал болох хэмжээнд авчирч байгаад гайхаж байгаа, асуух зүйлийн нэг юм. Энэ хэргийн хувьд хамгийн гол нотлох баримт нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд байгаа. Мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй бол үндэслэлгүй. Гэрээн дээр ямар нэгэн ятгасан, хуурсан мэдээлэл байхгүй. Чулуунбаатар сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн байгаа. 2011, 2012 оны үед хувьцаа худалдан авах болон ТУЗ-д захирал томилохтой холбоотой маш олон захидал явсан байгаа. Манай компаний удирдлага маш сайн ажилладаг. Бид нар BWI-д бүртгэлтэй IPO гэдэг компаниар хувьцаа худалдах, худалдан авах, захирлын томилгооны асуудлыг хийлгэдэг. Тэгэхээр IPO гэдэг компанийн нарийн бичиг Марита гэдэг хүн байдаг. Чулуунбаатар өөрөө гуравдагч компанийн Марита гэх хүнтэй харьцсан цахим шуудан байдаг. Эндээс харахад Чулуунбаатар сайн дураараа гэрээн дээр гарын үзэг зурж, өөрөө хувьцаа авч, гэрээгээ байгуулаад захирлаар томилогдсон байдаг. Чулуунбаатарт хандаж хэлэхэд чамайг ятгасан, хуурсан, гүтгэсэн зүйл байхгүй. Гуравдагч этгээд буюу бие даасан компанитай та өөрөө харилцаад хувьцаагаа худалдаж аваад захирлаар томилогдож, мэдээллээ тухай бүр нь аваад явж байсан шүү дээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш гэм буруугүй гэдгээ нотлох хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Мөрдөн байцаагч хоёр удаа шинжээч томилсон. Нэг нь техник талаасаа манай эзэмшиж байгаа уурхай нь бидний ярьж байгаа шиг, гэрээнд заасан шиг тийм хэмжээний чанартай нүүрс байгаа юм уу, байхгүй юм уу гэдгийг нотлуулах, тэнд ажиллагаа явагдаж хөрөнгө зарцуулагдсан эсэх талаар шинжилгээ хийлгэсэн. Дараа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс санхүүгийн шинжээч томилсон. Энэ нь 2015 оны 6, 7 сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацаанд урт хугацаа шаардаж хоёр шинжилгээ хийгдсэн байгаа. Эдгээр шинжилгээний дүгнэлтээр ямар ч буруугүй юм байна, байгаа гэсэн нүүрс нь байна, зарцуулна гэсэн мөнгөө зарцуулсан байна, хийнэ, бүтээн байгуулалтаа хийсэн юм байна гэдгийг нотолж байгаа. Чулуунбаатарт би захирлын асуудлыг санал болгосон, амласан. Гэхдээ захирлаар томилогдохын тулд Чулуунбаатар болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс захирлаар ажиллахыг зөвшөөрч байна гэсэн зөвшөөрлийг бичгээр үйлдэж гарын үсэг зураад IPO-д өгөх ёстой. Гэтэл энэ процессыг өөрсдөө хийгээгүй, зөвшөөрлөө өгөхгүй байсан. Чулуунбаатар сүүлдээ өөрийнх нь ах Жаргалсайханы хүү Чинзориг гэх залуу хүнийг захирлаар томилуулъя гэж хэлсэн. Гэтэл манай компани IPO хийх гэж байгаа учраас манай талаас залуу хүнийг захирал болгомооргүй байна, танай компанид томоохон албан тушаал эрхэлдэг туршлагатай хүн байвал санал болгооч гэхэд тэгье, өөр хүн санал болъё гэж зөвшөөрсөн. Зөвшөөрсөн атлаа захирлаар өөр хүнийг санал болгох ажиллагааг хийгээгүй. 2011 оноос эхлээд “Моннис интернэшнл” ХХК-ийн зүгээс ямар нэгэн харилцаа холбоогүй алга болчихсон. Энэ хүнийг захирлаар томилж өгнө үү гэсэн хүсэлтээ Айпиөү /IPO/-д өгөөгүй, одоог болтол өгөөгүй байна. Захирал томилох ажиллагааг надтай харилцахгүйгээр шууд Айпиөү /IPO/-д харилцаад хүсэлтээ өгөөд хийх бүрэн боломжтой. Миний хувьд энэ асуудалд оролцдог зохицуулалт байхгүй. Чулуунбаатар хөрөнгө оруулалтын маш их туршлагатай, томоохон компаниудад хөрөнгө оруулж байсан. Энэ туршлагаас нь харахад Чулуунбаатар нь захирлаар томилогдож ажиллахын тулд зөвшөөрөл өгдөг гэдгийг өөрөө бүрэн мэддэг чадвартай хүн юм. 25.500.000 долларын хөрөнгө оруулалт авчихаад Чулуунбаатарын хэлээд байгаа шиг хувьцааг өөрт нь олгоогүй, захирлаар томилж өгнө гэж хэлсэн амандаа хүрэхгүй буцаад байгаа юм бол Чулуунбаатар гомдол гаргах гэж яагаад 3.5 жил хүлээсэн юм бэ, нэг сарын дотор мэдээд “надад амласан захирлаар томиллох ажлаа яагаад хийхгүй байгаа юм бэ” гэдэг асуудлыг тавихгүй яасан юм бэ, өмнө нь яагаад маргаагүй юм бэ?, үүнд шалтгаан байгаа. Өөрөө эхлээд шаардлага хангахгүй хүн санал болгосон, энэ асуудлыг хэлэхээр за өөр хүн томилуулъя гэж хэлчихээд алга болсон. Энэ хүнд өөрт нь ямар нэгэн асуудал байгаа. Чулуунбаатар нь 3.5 жил гомдол гаргахгүй, намайг залиласан юм байна гэж яваад байсан шалтгаан нь өөрийнх нь ах Жаргалсайхан мөнгө зээлээд тэр зээлээ төлж чадахгүй болохоороо ийм асуудал гаргаж ирж байгаа. Бид нар 90 хавтаст хэргийн материалтай бүрэн танилцсан. 90 хавтаст хэргийг бий болгохын тулд нилээдгүй их нотлох баримтыг өгсөн. Чулуунбаатарын хэлээд байгаа намайг залилсан хуурсан гэдэг нь худлаа гэдгийг нотлох баримт 90 хавтаст хэрэгт хийсэн. 90 хавтаст хэрэгтээ би болон манай хуульч нар танилцаад үзэхэд өөрийнх нь өгсөн мэдүүлэг, өөрийнх нь тойрон хүрээлэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр М.И.Мунши гэдэг хүн ийм ийм амлалт өгсөн гэдгийг нотлох цахим захидал болон ямар нэгэн байдлаар харилцааны ямар ч нотлох баримт байхгүй. Бид нарын харилцааг зохицуулж байгаа гэрээн дээр ч байхгүй байна. Аабар сан шиг томоохон хувьцаа эзэмшигчид шиг 15 хувиас дээш хэмжээний хөрөнгө оруулчихсан бол компанийг хамтран удирдах эрхийг өгч болох юм. Гэтэл одоогийн байдлаар компанийн 5,6 хувийн хувьцаа эзэмшчихээд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрхийг бид өгөх үү, яллах дүгнэлтэд прокурор бичсэн байна. Үүнд Чулуунбаатарт компанийг хамтран эзэмших эрхийг олгоно гэж хэлсэн. Хэлсэн амлалтдаа хүрээгүй гэж бичсэн байна. Тэгэхээр 90 хавтаст хэргийг үзээд прокурор ямар нотлох баримтыг үндэслэж Чулуунбаатарт компанийг хамтран эзэмших эрх өгсөн гэж үзэж яллах дүгнэлтэдээ бичээд байгаа юм бэ, ойлгомжгүй байна. Амжилттай бизнесийн хувьд Айпиөү /IPO/ буюу олон улсын анхдагч биржийн зах зээл дээр дээр хувьцаагаа гаргах сонирхолтой, төлөвлөгөөтэй байсан нь “Гоби Коал энд Энержи” ХХК, “Зараяа Холдингс” ХХК-ийн хувьд үнэн байсан. “Гоби Коал энд Энержи” ХХК нь нүүрсний уурхайтай, “Зараяа Холдингс” ХХК-ийн хувьд ураны лицензтэй хоёр компани байгаа. Хувьцаагаа нийтэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэтэл 2011 онд Япон улсад цунами болж Фүкүшимагийн цахилгаан станц нурж, үүнтэй холбоотойгоор ураны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Ураны үнэ дэлхийн зах зээл дээр унасан учраас хувьцаагаа Айпиөү /IPO/ хийх нь ямар ч ашиггүй нөхцөл байдал үүссэн. 2012 оноос эхлээд Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор “Гоби Коал энд Энержи” ХХК-ийн хувьцааг төлөвлөсөн хугацаандаа нийтэд гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь бид нараас үл хамаарах зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан үйл явдал болсон юм. Миний хувьд маш том хэрэгт хүний 25.500.000 долларыг залилаад авсан гэсэн хэрэгт шүүгдээд зогсож байна. Манай “Гоби Коал энд Энержи” ХХК дээр 175 сая долларын хөрөнгө босгосон. “Зараяа Холдингс” ХХК-д 15 сая доллараас 25 сая долларын хөрөнгө босгосон. Нийтдээ 190 сая долларын хөрөнгө босгоод байгаа. “Деллойт Онч Аудит” ХХК-ийн шинжилгээ болон Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хүртэл нийт 190 сая долларын хөрөнгө босгосноос 120 сая долларын хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирээд бүтээн байгуулалт болж 10 гаруй жил болж байгааг нотолж байна. “Гоби Коал энд Энержи” ХХК, “Зараяа Холдингс” ХХК нь жинхэнэ компани юм. Таван толгой, Оюу толгой гээд уул уурхайн компаниудтай адилхан уурхайтай, жинхэнээсээ үйл ажиллагаа явуулдаг, цалингаа тавьдаг, бүтээн байгуулалт хийж байгаа компани юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоод байна. Чулуунбаатарын хэлж байгаагаар намайг хууран мэхэлсэн, залилсан, надад ийм амлалт өгсөн гээд яриад байгааг аман ярианаас өөр ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. 2.5 жил үргэлжилж байгаа мөрдөн байцаалтын явцад 6 мөрдөн байцаагч, 3 прокурор солигдож томилогдоод үйл ажиллагаагаа явуулсан. Гэтэл ийм том хэмжээний хэрэгт намайг буруутгаж байгаа мөртлөө үйл ажиллагаа явуулж байгаа уурхай дээр яагаад очиж үзээгүй юм бэ, хэн нь ч очиж үзээгүй, техникийн шинжилгээ хийсэн шинжээч нар очиж үзсэн. Тэнд нь яг барилга баригдсан байна уу, тийм уурхай үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг харсан байгаа. Мөрдөн байцаагч прокурорын хэн нь ч хэргийн газарт очиж үзээгүй. 190 сая доллар нь Чулуунбаатарын хэлж байгаачлан бүхэлдээ миний халаасанд орчихоогүй, 120 сая доллар нь Монгол улсад зарцуулагдсан. Монгол улсад зарцуулагдсан гэдэг нотлох баримт нь 90 хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Бид нарт ямар нэгэн байдлаар залилах, хууран мэхлэх үйлдэл байхгүй. Би Монгол улсад хайртай, Монгол улсыг хөгжүүлэх, сайхан орон болгоосой гэж өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлттэй. Яагаад гэвэл би Монгол эхнэртэй, Монгол цустай 3 хүүхэд байдаг учраас Монгол улсад зүрх сэтгэлээ өгсөн. Гэхдээ Монголд байдаг авилга, гадаад хүмүүсийн хөрөнгийг булааж авах гэсэн оролдлого л Монгол улсыг цааш нь хөгжүүлэхгүй байгаа юм. Үүний эсрэг тэмцэхэд бий бэлэн байна. Чулуунбаатарын хэлж байгаа дараагийн гол зүйл нь юу юм бэ гэхээр би хувьцаа худалдаж аваад хөрөнгө оруулсан, гэтэл сураггүй, холбогдохгүй алга болсон гэдэг. Энэ нь маш үндэслэлгүй худал яриа юм. Бодит байдлыг хэлье. Нэгдүгээрт Чулуунбаатарын ах Жаргалсайхантай 2012 оноос эхлээд одоог хүртэл байнгын харилцаа холбоотой байсан. Чулуунзоригтын мэдүүлэгт надтай 2012 оны 09 дүгээр сараас надтай огт уулзаагүй гэж хэлсэн байна. Гэтэл Чулуунзоригт надтай хамт Шанхай руу надтай хамт яваад бизнес хийгээд явж байсан. 2012-2014 оны хооронд Жаргалсайхан, Чулуунзоригт гэдэг хүмүүстэй байнгын харилцаа холбоотой байж надаас 9.9 сая долларыг зээлж авсан. Өөрөөр хэлбэл 10 сая долларыг зээлж авсан байнгын харилцаатай байсан. Яллах дүгнэлтэд өгсөн мэдүүлгийг нь уншихаар “Моннис интернэшнл” ХХК нь 2011 онд тоног төхөөрөмжөө “Гоби Коал энд Энержи” ХХК-д зарсан. Яагаад “Гоби Коал энд Энержи” ХХК нь тоног төхөөрөмжийг худалдаж авсан юм бэ гэхээр Аабар сангийн том хөрөнгө оруулалтыг татахын тулд жинхэнэ үйл ажиллагаа явуулж байгаа компани мэтээр харагдахын тулд энэ хөрөнгө оруулалтыг хийж үнэтэй тоног төхөөрөмжийг худалдаж авсан юм гэж мэдүүлсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт гэрээнүүд байгаа. Энэ тоног төхөөрөмжийг 2012 оны 3-5 сарын хооронд ярилцаж байгаад худалдаж авсан юм. Манай компанийн бүх хувьцаа эзэмшигч нар манай компанийн талаар мэдээлэл сайтай байдаг. Манай компанид захирлаар ажиллаж байсан, буруу үйлдлээсээ болж халагдсан Жэйсон Бэйкер гэх хүн Чулуунбаатарыг дэмждэг…” хэмээн тайлбарласан байгаа юм.

Харин энэ хэргийн хохирогч буюу их хэмжээний мөнгөө залилуулсан Б.Чулуунбаатар: “…Би 25,500,000 ам.долларыг М.И.Муншид итгэж зээлсэн. Би М.И.Муншитай л бизнес ярьж байсан. Би 1.600.000 гаруй ажилчидтай, өнөөдрийг хүртэл 20 гаруй жил бизнес хийгээд суралцаад явж байгаа. Айпиөү /IPO/ хийхэд 7 зарчим шаардлагатай, айпиөү /IPO/ хийхэд компани засаглал сайтай байх ёстой, авсан мөнгөө зөв зарцуулдаг байх ёстой. 180 сая доллар босгоод 56 сая доллар Монгол улс руу оруулж үлдсэн мөнгийг нь “Сүри Менежмэнт” ХХК-ийн данс руу буцаагаад авчихдаг. Монголд нэг компани байгуулсан. М.И.Мунши 2010, 2011 онд надтай байнга уулздаг байсан. Нэгэнт хөрөнгө оруулсан юм чинь Айпиөү /IPO/ хийхийг нь хүлээе гэдэг. Жил бүр захиа ирдэг, нэг ч аудитын тайлан ирдэггүй, би нэг ч удаа компанийн тайлан авч үзээгүй. Манай компанийн геологич Бат-Эрдэнэ, бүх төсөл дээр ажилласан Энхсайхан нар битгий хөрөнгө оруулалт хий гэсэн. Харин би өөрийн дотоод итгэлээр Монгол эхнэртэй юм байна, хэрэгжүүлж байгаа төсөл нь Монголд юм байна гэж бодож хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл мөнгө авснаас хойш алга болчихсон. Айпиөү /IPO/ хийх нь юу болж байгаа бол гээд цахим захидал бичүүлдэг. Тэгээд Жэйсон Бэйкер гэдэг хүнээс цахим захидал ирсэн. Тэгээд надад Уранбилэг, М.И.Мунши хоёр компанийнхаа данснаас дураараа байнга мөнгө авдаг, чи мөнгөө алдсан, энэ хүмүүсээс хол бай гэсэн захиа ирсэн байгаа. “Зараяа Холдингс Лимитед” ХХК дээр би 6 сарын дараа айпиөү /IPO/ хийх гэж байна, хэд нугална гэхээр нь итгээд мөнгө өгсөн. “Бумбат Консолидетед Лимитед” ХХК-д төмрийн хүдэр экспортлох гэж байгаа гэхээр нь би геологичтой нь хүртэл уулзаж байсан. Төмрийн хүдэр экспортолж байгаад мөнгийг чинь хэд нугалж өгнө гэсэн, тэгээд байхгүй. Би М.И.Муншитэй л бизнес ярьж байсан, эхнэртэй нь хэзээ ч бизнес ярьж байгаагүй. М.И.Мунши онгоцноос буугаад л манай компани дээр буугаад ирдэг. Би Монголын банкнаас зээл авч М.И.Муншид өгсөн. Мөнгөө хийгээч гэж дандаа утсаар яриулдаг. М.И.Мунши нь 180 сая доллар босгоод 50 гаруй сая долларыг Монгол руу бусдыг нь хувьдаа ашигласан. М.И.Мунши гэдэг хүнд гадаадын болон дотоодын ямар ч хүн итгэх боломжгүй. Тухайн үед уул уурхайг төрөөс дэмжиж байсан. Тийм учраас Монголд хийгдэж байгаа төсөл Монголдоо хөрөнгө оруулалт хийе гэж үзээд хийсэн. Коксжих нүүрсний нөөцтэй, 2013 онд ашиглалтын лиценз авсан байсан. Бизнес хийхэд банкнаас зээл авч банкны өмнө хариуцлагатай ажиллах, бирж дээр хувьцаа гаргаж олны өмнө хариуцлагатай ажиллах байдаг. Хувьцаа эзэмшигч нар хоорондоо уулзаж, аудитын тайлангаа авах эрхтэй. Би “Зараяа Холдингс Лимитед” ХХК-д 500.000 доллар, “Бумбат Консолидетед Лимитед” ХХК-д 5 сая доллар, “Гоби Коал энд Энержи Лимитед” ХХК-д 20 сая доллар өгч хохирсон, энэ шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бүгд айпиөү /IPO/ хийнэ гэж авсан байгаа. Айпиөү /IPO/ хийх ямар ч боломж байхгүй. айпиөү /IPO/ хийхийн тулд тухайн компани эрүүл байх ёстой. Захирал нэг долларын ч эрх байдаггүй, заавал ТУЗ-р баталсан мөнгийг л санхүү хариуцсан захирал гаргадаг. Үүнийг компанийн засаглал гэж ярьж байгаа юм. Манай компанитай харилцдаг компаниуд хүртэл аудитын тайланг шаарддаг. Би 25 сая доллар өгөөд алдчихсан. М.И.Мунши энэ олон компаний ядаж нэг компани нь айпиөү /IPO/ хийгээгүй байна…” гэж мэдүүлсэн байдаг.

Тэгвэл энэ хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүгдэгч М.И.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон өөрчилж, М.И.М-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 11 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.И.М-гаас 31,601,969,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т олгох, шүүгдэгч М.И.М-гийн “Г.К.Э” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

  • 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.И.М-гаас 31,687,695,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т олгосугай” гэж,
  • 7 дахь заалтыг “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/1195 тоот албан бичгээр ирүүлсэн 468 хуудас бичгийг 80 дугаар хавтаст хэргийн 1-250 дугаар хуудсанд болон 81, 82 дугаар хавтаст хэргийн 1-98 дугаар хуудсанд хавсаргасныг хэрэгт хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудад заасан шүүгдэгч М.И.М-гийн Их Британы Виржиний Арлуудад бүртгэлтэй “Г.К.Э.Э.Л” компани болон Монгол Улсад бүртгэлтэй “Г.К” ХХК-ийн гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсгийн “Г.К.Э” ХХК-ийн /2862468 РД-тай/ MV-017438 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний ордын “Г.К.Э” ХХК-ийн /2862468 РД-тай/ MV-12728, MV-017060, MV-017062, MV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн М.И.М болон түүний хамтран амьдрагч Д.У- нарын дээр бүртгэлтэй “З.Х” ХХК /5077834 РД-тай/, “Б.К” ХХК /5264448 РД-тай/, “Б.И.Э.К” ХХК /5263581 РД-тай/, “Б.Э” ХХК /5175631 РД-тай/, “Б.Р” ХХК /5193443 РД-тай/, “Г.К.Э” ХХК /2862468 РД-тай/, “Г.К” ХХК /5426952 РД-тай/, “Г.П” ХХК /5492629 РД-тай/, “С” ХХК /5093503 РД-тай/, “М.Б” ХХК /5554349 РД-тай/-иудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж,
  • 9 дэх заалтыг “…түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.И.М, түүний өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс М.И.М-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 7 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон. Мөн “Г.К.Э.Э.Л” болон “Г.К” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Г.К.Э.Э” ХХК-ийн MV-017438, MV-12728, MV-017060, MV-017062, MV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн М.И.М болон түүний хамтран амьдрагч Д.У нарын үүсгэн байгуулсан “З.Х” ХХК, “Б.К” ХХК, “Б.И.Э.К” ХХК, “Б.Э” ХХК, “Б.Р” ХХК, “Г.К.Э.Э” ХХК, “Г.К” ХХК, “Г.П” ХХК, “С” ХХК, “М.Б” ХХК-уудын М.И.М болон Д.У нарт оногдох хувьцаа, эд хөрөнгийг хохирол, төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Улсын дээд шүүх ингэж шийдэхдээ,  Аж ахуйн нэгжийг үнэгүйдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг шамшигдуулах нь залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр бөгөөд эд хөрөнгийг анхнаасаа хууль бусаар авах, буцааж өгөхгүй байх санаа зорилго нь хөрөнгө оруулалт хийхээс өмнө бий болсон байдгаараа бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргээс, уг гэмт хэргийн төгс үйлдэгдэж дуусах хугацааг хөрөнгө оруулалт хийснээр бус уг мөнгөн хөрөнгийг компанийн хяналтаас холдуулан гаргаснаар тооцдогоороо залилан мэхлэх бусад төрлийн гэмт хэргээс ялгагддаг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагч нараас оруулсан хөрөнгийг гэмт этгээд буцаан өөрийн эзэмшилд гаргаж авснаар захиран зарцуулах боломж бүрдэж гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзнэ. Харин хөрөнгө оруулагчийн хөрөнгө түүнийг хүлээн авсан байгууллага, иргэний дансанд буюу эзэмшилд байгаа хэвээр бол энэ гэмт хэргийг дууссан гэж тооцох, хөрөнгө оруулагчийг хохирсон гэж үздэггүй болохыг анхаарах нь зүйтэй. Хөрөнгө оруулалт авах болон түүнийг өөрт зувчуулах үйлдлүүдийг хоорондоо цаг хугацааны заагтай хийх, хөрөнгө оруулалт авсан аж ахуйн нэгжийг дампууруулахгүйгээр үйл ажиллагааг хамгийн доод түвшинд барих зэрэг нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх, аж ахуйн нэгжийг хуурамчаар дампууруулах, зориуд дампууруулах зэрэг ил гэмт хэрэгт татагдахгүй байж нууц далд аргаар гэмт үйлдлээ төгс дуусгах, үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх арга хэмжээнд хамааруулан үзнэ. “Г.К.Э.Э.Л” ХХК-ийн аудитаар нэгтгэсэн санхүүгийн тайланд авагдсан баримтаар “А.Э.А.С” ХХК-иас 77,000,000 ам.доллар, “М.И” ХХК болон “У.Р.Л” ХХК-иас 20,000,000 ам.доллар, бусад хөрөнгө оруулагч нараас 8,300,000 ам.долларыг тус тус өөрийн санд цуглуулсан боловч шүүгдэгч М.И.М нь зөвлөх үйлчилгээ авсны хөлсөнд “G.P.A LTD”-д 5,000,000 ам.доллар, хөрөнгө оруулагчдад танилцуулга хийсэн төлбөрт “B.A.R.P LTD”-д 9,000,000 ам.доллар, хувьцаа гаргасан зардал 14,000,000 ам.доллар, удирдлагын зардалд 11,008,333 ам.доллар төлөх зэргээр “Г.К.Э.Э” ХХК-ийн санхүүгийн чадавхид тохироогүй, авсан үйлчилгээнд нь дүйцэхээргүй зардал гарган /гаднаас татсан хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг зөвхөн зөвлөх үйлчилгээ авах, танилцуулга гаргах, үнэт цаас хэвлүүлэх, удирдлагын гэх үндсэн үйл ажиллагаанаас гадуур зардалд зарцуулсан/ хувьцааны төлбөр хэлбэрээр орж ирсэн мөнгөн хөрөнгийг Их Британийн Виржиний арлууд зэрэг оффшор бүсээр дамжуулан дээр дурдагдсан өөрийн эзэмшлийн болон хамааралтай аж ахуйн нэгж, компаниудад тараах байдлаар захиран зарцуулсан байх бөгөөд энэ үйл ажиллагаа 2011-2014 онд үргэлжилсэн талаар “Д.О.А” ХХК-ийн аудитын тайланд тусгагдсан ба хохирогч гомдол гаргаж цагдаагийн байгууллага 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаар гэмт хэрэг таслан зогсоогдсон байна. Иймээс шүүх бүрэлдэхүүн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ өнгөрөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулан тооцдог тул энэхүү гэмт хэрэг таслан зогсоогдсон 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолоход мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Дээрх байдлаар шүүгдэгч М.И.М нь “М.И” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ч-аас 25,500,000 ам.доллар залилж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлагад татаж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 25,500,000 ам.доллар байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед 31,687,695,000 төгрөгтэй тэнцэж байсан байна хэмээн тайлбарлажээ.

Энэ бол Монголын тэргүүн баячуудын нэг “хулхидуулсан” хавтаст хэрэг. Уншигч та энэ төрлийн хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү.