Үнэндээ Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч , Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа.
Дондогдулам багадаа Дунгаа нэртэй явсан хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдгаас үзвэл Дондогдулам гэж түүний сахилын нэр байж болох юм.
Намйдугаар Богдыг ойр дотныхон нь Агваанлувсан гэж дууддаг байжээ. Ямар ч гэсэн Богд Агваанлувсан, Дондогдулам хоёр хэрхэн танилцсан, Зонховын шашны тэргүүн эхнэр авах болсон зэрэг нь өнөөдрийг хүртэл сонирхолтой, нууцлаг хэвээр байгаа сэдэв юм.
Ц.Дондогдуламыг Бүрэн засагчийн сүүлчийн он буюу аргын 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд хиагийнд мэндэлж байхад, Халхын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүрд тодорсон таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Халх нутагт залагдан ирж байжээ.
Дондогдулам хатны төрсөн дүү Дэндэвдулам нь эгчээсээ 19 насаар дүүмэд байсан агаад хожим Хөвчийн жонон ван Цогбадрахын хатан болжээ. Эх дагиныг дүү нар нь Дүүдий хэмээн авгайлдаг байсан гэдэг.
Дондогдулам монгол төвд бичиг үсэгтэй, нутагтаа “уран” хэмээн алдаршсан эмэгтэй байжээ.
Богд Агваанлувсан түүнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцсан гэж үздэг. Богд хэдийгээр Монголын шашны тэргүүн байсан ч Хүрээнээс гарахдаа Манжийн хаанаас заавал соёрхол авдаг байж. Тийнхүү Бадруулт төр хааны зөвшөөрлөөр өөрийнхөө анхдугаар дүр Өндөр гэгээний байгуулсан Амарбаясгалантын хийдэд залраад буцахдаа Дондогдуламыг Хүрээнд дагуулан ирсэн байна. Дондогдуламыг хөвчийн жонон бэйл Цанлигдоржийн хатны аягачаар явж байгаад Богдын нүдэнд өртсөн, эсвэл бэйлийн бага хатан байсан гэж хоёр янзаар бичдэг. Ийнхүү гадаадынханд Хүрээний хутагт, монголынхоо сүсэгтэн олонд “Амьд бурхан” хэмээн шүтэгдсэн, Зонховын шашны тэргүүн эхнэр авах болсон нь урьд долоон дүрд нь тохиолдож байгаагүй явдал байв. Тиймээс Дондогдуламыг эхэндээ эр хүний дүрээр, хувраг хүний номт хувцас өмсгөн Хүрээнд оруулан ирсэн гэдэг. Эхэндээ Богд энэ бүсгүйтэй зургаан жил нууцгай ханилжээ.
Богд гэгээн хатан буулгах болсны цаад шалтгаан нь түүнийг цаашид шашин төрийг хослуулан барих хаан сэнтийд залахын бэлтгэл байсан ч гэж үздэг хүмүүс бий. Учир нь Богд Дондогдуламтай танилцахын урд жил буюу 1895 онд Оросын нийслэл Санкт Петрбург руу шанзав Бадамдоржийг илгээн Николай хаанд бараалхуулжээ. Шанзав Бадамдоржийн Николай хаанд бараалхахаар одсоны учир нь Манж гүрэн эзэмшлээсээ Солонгос, Хонконгийг алдаж, Бадруулт төр хааны төр ганхаж эхэлснийг далимдуулан “Манай Монгол Манжаас тусгаарлахад Орос улс тусламж дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн бичиг Богдоос өргөн барьжээ. Харин Николай хааны нэгэн түшмэл “Танай Монголыг тэгээд Манжаас тусгаар болсны дараа хаан ширээнд хэн залрах юм бэ?” хэмээн асуухад нь “Бид Богд Жавзандамбыг хаан ширээнд зална” гэхэд “Тэр чинь хутагт хүн шүү дээ. Хаан юм бол хатан яагаад байдаггүй юм бэ?” гэж амыг нь тагласан гэдэг. Шанзав Бадамдоржийн энэ айлчлалыг Богдын багш Ёнзон хамба Балданчоймбол бас мэдэж байсан ажээ. Энэ Ёнзон хамба Балданчоймбол бол гучаад онд хэлмэгдсэн Ёнзон хамба Лувсанхаймчиг биш, түрүүчийнх нь дүр долдугаар Богдын багш байсан хүн юм. Ийнхүү монголын нөлөө бүхий ноёд Манжийн төр суларч эхэлмэгц яваандаа тусгаар тогтнолоо олж, Богдыг хаан ширээнд залахын бэлтгэл болгож энэ уулзалтыг зориуд зохион байгуулсан гэсэн таамаглал ч бий. Ер нь төвд цустай Богд Агваанлувсан удаа дараа Хөвчийн жонон бэйсийн хошуу буюу эзэн Чингис хааны уугуул нутгаас хатан буулгасан нь санамсаргүй тохиолдол биш юм.
Олны дунд “Оройн дээд, амьд бурхан” гэж шүтээний дээд болсон Зонховын шашны тэргүүнийг эгэл хар хүний адил эхнэртэй болов гэж дуулгах нь зохимжгүй байснаас Дондогдуламыг эмэгтэй бурхны хэмжээнд өргөмжлөх шаардлага гарчээ.
Тиймээс Богд бүсгүйг Тусыг бүтээгч охин тэнгэр Дондүвлхам бурхны нэрээр өргөмжилж байгаад таван жилийн дараа Манжийн Бадралт төр хэмээх Зайтянь хаанд хатан авах болсноо мэдүүлэн соёрхол авсан гэдэг. Ийнхүү Дондогдулам Хүрээнд ирснээсээ хойш зургаан жил Богдтой нууцаар ханилсны эцэст 1902 онд сая Богдын хатанд өргөмжлөгдөн “Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан Дарь” цол авчээ. Дондогдуламыг Цагаан дарь эхэд өргөмжилсний дараа Богд хадам эцэгтээ хиа жинс, “Шадар дайчин” цол, хадам эхдээ “Далай ээж” өргөмжлөл хүртээх зарлиг буулгаж, есөн цагаан бэлэг барьжээ. Дондогдулам Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж эхэлсэн гэж үздэг. Түүнээс өмнө Богдын ордон хааны орд харш гэхээс шашны илүү сүм дуганын хэмжээнд байжээ. Тэрээр уран хатгамалч, гар урчуудыг цуглуулан Сангай аймгийг байгуулж, өөрөө улааны шашны лүйжин хурдаг байлаа. “Эх дагина их сайхан хоолойгоор лүйжин татаж байсан” гэж хожим Лувсандондов гавьж дурссан нь бий.
Богд хатныхаа нэр алдрыг олон түмний дундаа нэмэгдүүлэхийн тулд 1908 онд Эх дагины аймгийг байгуулан, шавь олноос нь 4700 лан мөнгө татварлан дуган бариулсан юм. Халхын Сайн ноён хан Намнансүрэн Эх дагины сүм барихад зуун лангийн алтан ембүү өргөж байв.
Сүсэгтэн олны дунд түүний нэр нөлөөг үлэмж болгох гэж Богд Агваанлувсан хөдөөгүүр явахдаа “Монгол охин Дондогдулам болбоос бага наснаас ном үзэж, нэвтэрсэн хувилгааны байдалтай. Цагаан дар болбоос энгийн эгэл бус. Зарим орон нутагт өвчин тахал, ган зуд тохиолдох тусам түүнийг аргалан арилгагч, олонд тусыг илтээр үзүүлсэн” хэмээн магтаж, зуд турхантай газарт зориуд дагуулж очдог байжээ. Богд гэгээн Эх дагинад “Эрдэнэ сэцэн ноён” цол шагнан, тэмдэгт бичиг олгосноор Дондогдулам өөрийнхөө нэр дээр хурдан морь уралдуулж, бөх барилдуудах болсон юм. 1907 оны долоон хошуу даншиг наадмын хязаалан насанд үзүүрт давхисан хул алаг, жороо морины түрүү авсан бор морь “Эрдэнэ сэцэн ноён” нэрээр уралдуулсан эзэн нь Дондогдулам хатан байжээ. Ах дүү Намхай, Лувсанжамбаа аварга Эх дагины бөхчүүд байсан гэдэг.
Богд хатандаа шагнасан цолоо 1905 онд Бээжин дэх Монгол журганаар батламжлуулахдаа зуун мянган лан мөнгө зарцуулж байв.Ийнхүү Сангай аймгийг тэргүүлэн, Богдын ордны дэргэд бурхан шүтээн урлаачдыг цуглуулж ногоон, шар, ордон, Хайстай лавирангийн хэргээр хөөцөлдөж ихэвчлэн шашны үйл эрхлэхээс хэтрэхгүй байсан Цагаан дар Дондогдуламыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал төр, шашны үйл явдлын төвд гаргаж ирсэн юм.
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 он оны 12-р сарын 29-ний баасан гаригт наймдугаар Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч хаан ширээнд залахад Цагаан дар, Эрдэнэ цэцэн Дондогдуламыг “Улсын эх дагина” хэмээн өргөмжилсөн юм.
Эх дагины эрх мэдэл, эд хөрөнгө нь улам зузаарсаар шавийн дөрвөн ч отогтой болж, 1918 оны мэдээгээр 1073 хуварга айл, харц өрх 352, тэмээ 1330, адуу 2535, үхэр 1603, хонь 28475 хэмээн тэмдэглэснээс үзвэл нийт гучин гурван мянга 943 малтай, Бээжин, Энэтхэгт үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Эх дагинад улсаас ч цалин пүнлүү олгож байсныг үзвэл Олноо өргөгдсөний гуравдугаар он буюу 1914 онд сангийн яамнаас тушаасан бичигт Богдын зарлигаар “Хотлыг баясгагч Эх дагинад сар бүр мянган лангийн пүнлүү “ олгохоор шийдвэрлэж байв. 1919 оны гэхэд түүний шавь отгууд 61964 лан мөнгө Эх дагинадаа өргөж байсны дээр Хүрээнд байсан Тянь дэхао пүүсийн томоохон хувь нийлүүлэгч байсан тухай мэдээ байдаг. Богд, Эх дагина хоёр өдөр бүр онцгой сонин содон зүйл худалдан авдаг байсан гэдэг. Богд, Эх дагина хоёрт Хүрээний томоохон пүүсүүд барааныхаа катологийг авчирч өгөхөд, эгшигт хайрцаг, лимузин машин, янз бүрийн тансаг европ хувцас, үнэртэн гоо сайхны хэрэглэл зэрэг зүйлс байнга худалдан авдаг байсан тухай гүн Ларсон тэмдэглэжээ.
Харамсалтай нь 1921 оны хувьсгалын дараа хоорондоо ганцхан жилийн зайтай учир битүүлгээр бурхны оронд цуван одсон хаан, хатан хоёрын хувцас, үнэт эрдэнэс, эд өлгийн зүйлсийн ихэнх нь үрэгдэж алга болсноос Дондогдуламын алт шүр сувдан чимэгтэй шаргал додиг, үзүүртээ ягаан болор унжуулсан, 5 эгнээ лавай цагаан сувдан унжуурга, тогосны хөөмийн элгэвчит ханжаар, сувдан хээтэй алтан шар хүрэм, барын нүдэн шигтгээтэй сувдан тоорцог зэрэг зургаан иж бүрдэл 14 хувцас л өнөөдрийн биднийг хүртэл үлдэж хоцорсныг түүх соёлын хосгүй үнэт зүйлд бүртгэжээ.

Ийнхүү мянга мянган мал сүрэг, шүтээний сүм, шавийн аймаг, шандаст хурдан хүлэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө, Хүрээнд байсан худалдааны том пүүсийн хувьцааг эзэмшин, алт эрдэнэд умбаж байсан ч үнэрлэх үр хүүхэдгүй Эх дагина үнэн хэрэгтээ хэр аз жаргалтай эмэгтэй байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл төрсөн дүү Дэндэвдулам нь дөрвөн хүүхэд төрүүлсэн юм.
Оройн дээд Очирдарь Богд эзэнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцан Хүрээнд ирж , хатан өргөмжлөгдөөд 21 жил, нууцгай ханилсантайгаа нийт 27 жил “амьд бурхан”-тай дэр хуваалцсан Эх дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн цуу Хүрээнд хэд хэдэн удаа дэгдэж байсан нь нэн сонирхолтой. Ам дамжсан дам яриагаар бол Богд, Эх дагина хоёр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын сүнс шилжин тодордог шарын шашны уламжлалт тогтолцоо мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж, Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ.
Ямар ч гэсэн хүний л ёсоор үрийн мөрөөсөл болсон хаан, хатан хоёр Эрхэмийн аймгийн харц ард үхэр нүдэн Лувсандондог гэдэг хүний дүү хүүхнээс Ламьяа гэдэг хүү үрчилж авчээ. Хааны өргөмөл хүүд зориулан Хайлаастад хивсэн гэр бариулж, Сономжамц гүн, Ононжамц лам хоёрыг багшаар томилж байсан гэдэг. Хожим нь эрдэмт гэгээн лам болсон Ламьяагийн дараа Богдынх хэд хэдэн хүүхэд өргөж авсны хоёр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хадам эцэг Эрэнжав, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсан нар юм. Өргөмөл хүүхдүүд нь Богдыг Онио, Эх дагиныг Алиа гэж авгайлдаг байв.
Дондогдулам хатан гар буугаар мэргэн бууддаг, бага залуудаа моринд эрэмгий “уургач” Дунгаа нэртэй явжээ. Эх дагина чин ван Ханддоржтой их л дотнын харилцаатай байсан тул вангийн хатан Сэвжидмаа эр нөхрөө түүнтэй битүүхэн хардаж, одоогийн нэгдүгээр сургуулийн урд байдаг өргөөнийхөө сэрүүн тагтан дээрээсээ Богдын ногоон ордныг саравчлан харж зогсдог байсан гэдэг.
Эх дагины тухай Оросын эрдэмтэн И.Майский, Шведийн гүн Ларсон, Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец, Польшийн аялагч Ф. Оссендовски, Германы монголч эрдэмтэн Ута Шьёне нар сонирхолтой олон дурсамж бичиж үлдээсэн ч, энэ гайхалтай эмэгтэйн шавь нар, ордны шадар хүмүүсээс хэн ч ам нээлгүй байсаар бурханы оронд одоцгоосон нь түүнийг үзэл суртлын төмөр хөшигний цаана оньсого мэт учир битүүлэг үлдэхэд хүргэжээ.
Дондогдулам хатан Барон Унгернд дургүй байсан, 1922 онд Хүрээнд хэт хувьсгалчид хүүхнүүдийн гэзгийг хоморголон тайрахад эсэргүүцэл үзүүлсэн тухай ам яриа үлджээ. Мөн Сандо амбаныг Богдод бараалхахад Эх дагина хамт байсан атал ёсолж хүндэтгэл үзүүлээгүй гэдэг. Богдын хатан өөрт нь ёсолсонгүйд Сандо амбан ихэд дургүйцэхэд Богд хаан “ Энэ хүн миний хатан учраас ёслохгүй байж болно” хэмээн Манжийн эзэн хааны бие төлөөлөгчийг эгнэгт хилэгнүүлсэн нь 1911 оны хувьсгалыг хүртэл тэр хоёрын харилцаа хүйтэн хэвээр үлдэхэд хүргэсэн зэргээс үзэхэд энэ эмэгтэй эх оронч үзэлтэй хүн байсан нь илт.
Улсын эх дагина Ц.Дондогдулам 1923 оны нэгдүгээр сарын 02-ноос бие нь чилээрхэж эхлэхэд Богдын оточ, маарамба, цорж лам нар аврал гүрэм айлдан, эм тан хүртээсэн ч илаар болсонгүй ердөө 11 хоногийн дараа тахиа цагт ертөнцөөс халин оджээ. Монгол Улс Манжийн дарлалд хоёр зуу гаруй жил болсноос хойш анх удаа тодорсон Улсын эх дагина, тантан жалбуугийн ёсны жод лүйжинд нэвтэрсэн, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан дагинас, Эрх цагаан дара өргөмжлөлт энэ эмэгтэйн шарилыг шарга морь хөллөсөн сүйхээр авч явж, хайлуулан чандарласан гэдэг. Эх дагины шарилыг хайлуулсан тэр аманд морийг нь сэтэрлэн тавьснаар Шарга морьтын ам гэж нэрийджээ. Эх дагины жанч халсныг дуулсан Жалханз хутагт “Гурван мянган гавьжийн үнэтэй үхэл” хэмээн гашуудаж байсан гэдэг.