Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу сэргээш илэрсэн тадаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл сэргээш хэрэглэсэн нь хоёр ч шинжилгээгээр тогтоогдсон тул наадмаар  ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болон тав давж цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар хэлэлцлээ. Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэрүүд гаргажээ.

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос

Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгохоор болсон байна. Э.Оюунболдод унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн аж. Мөн Д.Цэрэнтогтоход унасан О.Хангайд чимэг олгох болсон байна.

Улмаар Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн ба Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барих ажээ.