Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль хүчний байгууллагын алба хаагчидыг чадавхижуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилготой “ГЭР ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЛ” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.


Хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа хууль хүчний байгууллагууд нэг зорилго, нэг ойлголттой байж энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой гэж тэд үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч иргэдийн болон удаа дараа энэ төрлийн дуудлага мэдээлэл ирүүлсэн айл өрхийн нэгдсэн судалгааг гаргаж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг бүрчилсэн зан үйлийн хяналт” тогтоож ажиллаж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийг нийгэмшүүлэх, гэр бүлийн харилцааг дэмжих, эргэн нэгтгэх зорилгоор бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран вакумжуулсан “Сургалт-Өдөрлөг” зохион байгуулах, дүүргийн “Хамтарсан баг”-тай хамтарч хүчирхийлэгч этгээдрүү чиглэсэн, хүчирхийлэл дахин үйлдэхгүй байхад нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг буурчээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019 оны эхний 9 сард 2883 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 751 хэргээр буюу 20.7 хувиар буурсан байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 20 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 27 хэргээр буюу 57.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 19 буюу 95 хувийг хөнгөн, 1 буюу 5 хувийг хүнд гэмт хэрэг бүртгэгджээ.