Монголын Үндсэний Олимпийн хороо эзэнгүй болоод хоёр сар гаруйн нүүрийг үзэж байгаа. Учир нь тус холбооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч өнгөрсөн наймдугаар сарын 06-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Ямартай ч хоёр сар гаруй хугацаанд эзэнгүй байсан энэхүү суудал эзэнтэй болохоор дуншиж эхэлжээ. Тодруулбал,МҮОХ-нийхон энэ сарын 28-ны өдөр ээлжит бус хурлаа зарлаж Ерөнхийлөгчийнхөө асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тэгвэл спорт сонирхогчид болон тус холбооныхоны дунд хэн Ерөнхийлөгч болох бол гэсэн битүүхэн хүлээлт бий ч аль хэдийнэ эзэн нь тодорхой болсон гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, бидэнд олдсон мэдээллээр  Ерөнхийлөгч Х.Баттулга Олимпийн хос медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт  Н.Түвшинбаярыг зүтгүүлж байгаа аж. Мэдээж Ерөнхийлөгчид түүнийг дэмжих нөлөө бүхий хүмүүс МҮОХ-н дотор байгаа нь дамжиггүй. Тэгвэл Олимпийн аваргыг Ерөнхийлөгч болоход нь хэн хэн тусалж болох вэ гэсэн таамаглал өчигдрөөс эхлэн хөвөрч эхэлсэн. Юутай ч номер нэгээс чиглэл ирсний дагуу МҮОХ-ны нөлөө бүхий эрмүүд ч Олимпийн аваргыг Ерөнхийлөгчид зүтгүүлэхээр бэлдэж эхэлжээ. Хэрвээ уншигчид санаж буй бол УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир  тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хийгээд Н.Түвшинбаяр аваргатай нэг нутгийн ахан дүүс. Үүгээр ч зогсохгүй мань хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойрын хүрээнд харьцдаг нэгэн. Тийм учраас тэрбээр холбоон дотроо Д.Загдсүрэнгийн суудлыг Н.Түвшинбаяр аваргад өгөх болно хэмээн ярьжээ. Мэдээж ганц Э.Мөнх-Очирын зүтгэлээс гадна сүүлийн үед Ерөнхийлөгчтөй ойр гэдгээ харуулсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй ч энэ ажилд голлон оролцож аваргыг дэмжиж байгаа аж. Мөн тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хөл бөмбөгийн холбооны Ганбаатар нарын хүмүүс ч Э.Мөнх-Очир, Ц.Сандуй нартай нэг фракц болж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгч болгохоор зүтгэж эхэлжээ.

Уг нь МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ирэх онд болох Токиогийн Олимп хүртэл энэхүү албан тушаалтайгаа үлдэх чин хүсэлтэй байсан түүнд энэ удаад аз дутаж түүнийг дэмжих нөлөө бүхий хүмүүс ч байхгүй болжээ.

Ямартай ч МҮОХ гэх энэ том айлыг хэн удирдан залах вэ гэдэг тулаан Олимпийн хос медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт  Н.Түвшинбаяр, тус холбооны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд болох нь ээ.

А.Баярмаа