Монгол улс 1946-1957оны хооронд НҮБ-д элсэхээр 8 удаа хандаж 4 удаа хэлэлцүүлж байсан ч элсэж чадахгүй байсаар 1961 онд сая нэг НҮБ-д элсжээ. БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин гаргав.

1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ.

Харин 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын 101 дэхь бүрэн эрхт гишүүнээр баталжээ.

Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсэн үйл явдал болсон билээ. Та бүхэндээ Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон 58 жилийн ойн баярын мэндийг хүргэе.