Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тамгыг хүлээлгэн өгч, албанаасаа бууснаас хойш юу хийж байгаа тухай олон нийт сонирхон хүлээж байсан нь мэдээж.
Ингэхдээ хилийн чинадад ажиллах уу, Монголдоо байх уу гэсэн хоёр асуултад тэрбээр “Монголоосоо холдохгүй ээ” гэдэг хариулт өгснөөр тодорхой нэг таамаглал дэвшүүлэх боломжийг олгосон. Гэсэн ч улс төрд эргэн ирэх эсэхийн тухайд цаг хугацаа болон олон олон хүчин зүйлээс шалтгаалах тухай бүдэг, бадаг тайлбар өгсөн нь бий.
Тэгвэл тэрбээр бусдаас зугтах маягтай, гадна төрхөө нууж, зүүн бүсийн орон нутгаар аялаж яваа гэнэ. Ингэхдээ аймаг орон нутгийн төвөөр дайрахгүй, байгалийн үзэсгэлэнт газруудаа сонирхосон шигээ аялж яваа аж. Тэрбээр өнгөрсөн зун мөн л гадаад төрхөө нууж, олны хараанаас аль болох холуур баруун бүсийн аймгуудаар аялж, амарсан байдаг.

Түүний хийж буй ажлаас сонирхуулахад, 2008 онд үүсгэн байгуулсан “EBI” бодлогын судалгааны хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд идэвхжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт бакалаврын төвшинд суралцаж буй гадаад оюутнуудын Монголыг судлах сонирхлыг хөглөж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор долоон улсын есөн оюутныг сонгон шалгаруулжээ.