БНХАУ-ын 500 иргэнийг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах ‘UNION building’, Баянзүрх дүүрэгт байрлах ‘Амар’, ‘Ориентал’, Баянгол дүүрэгт байрлах ‘Кентавр’ зочид буудал гэсэн дөрвөн байршлаас баривчилсан.

Тэгвэл эдгээр 500  хүн нь бүгд БНХАУ-ын  20-30 насны иргэн бөгөөд Монгол улсад Буянт-Ухаа боомтоор  Хонг-Гонкоос орж ирсэн байна. Тэдгээр иргэд нь Хөх хотоос виз авч Монгол улсад аялал жуулчлалын 30 хоногийн визтэй орж иржээ.

Одоогоор тэдгээр иргэдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм.  Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр иргэд нь АН-ын захиалгаар цахим орчинд троллын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд утасны дугаар, гар утас, буудлын өрөө зэргийг бүгдийг нь АН-аас бэлдэж өгсөн гэх мэдээлэл байна.

Харин энэ талаар албан ёсны мэдээлэл авахаар тагнуулын байгууллагатай холбогдох гэсэн боловч чадсангүй. Цагдаагийн байгууллагаас тодруулахад : СБД-ийн нэг дүгээр хороонд болсон ажиллагааг Тагнуулын байгууллагаас явуулсан учир манай байгууллагаас мэдээлэл хийх боломжгүй гэдгийг мэдээллээ.

Баривчлагдсан иргэдээс 1000 гаруй  iPhone6 болон iPhone 6s гар утсыг хураан авсан бөгөөд мөн тооны компьютер хураажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.