Олны дунд сайн муугаараа дуудагддаг дуучин Нара буюу М.Нарантуяа мэргэжлээ сольжээ. Тэрбээр Сөүл плазад “Nara Boutique” бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулж, зөгийний аж ахуй ч эрхэлж байна. Мөн давхар “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажилладаг болсон байна.
Урлаг, улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин бүсгүй маань зөгийчдийн нийгэмлэгт зөвлөж байгаа нь олны сонирхлыг их л татаж байгаа аж. Тэрбээр зөгийн аж ахуйн талаар сонирхосон хэн бүхэнд зөгийн балтай холбоотой танин мэдэхүйн заавар зөвлөгөөг өөрөө өгч эхлээд байгаа аж.

Тэрбээр “Манай аж ахуйн зорилгод зөвхөн зөгийн бал худалдаалах бус цэвэр онгон байгалиа үр хойчдоо үлдээх, байгаль эх дэлхийгээ хамгаалах ,мөн зөгийн аж ахуйн ач тусыг олон нийтэд таниулах мөн зөгийн бүтээгдэхүүний ашиг тусыг танин мэдүүлж Монголын зөгийн аж ахуйг дэлхийн хөдөө аж ахуйн жишигт хүргэх стандартыг мөрдөх гээд олон зүйлс багтаж байгаа билээ. Зөгийн бал бол чанагдаж боловсруулаагүйгээр хүний амаар дамжин ходоодонд ордог цор ганц хүнс учраас түүнийг бүтээхийн тулд дээд зэргээр ариун цэвэр байдлыг сахих ёстой байдаг юм” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улс 1959 оноос олон давхраат зөгийн аж ахуйг эрхлэх болжээ. Одоогоор Увс, Ховд, Архангай зэрэг аймгийн 50 орчим цэгт 16 мянган бүлэг зөгийг үржүүлж, 250-300 мянган тонн орчим зөгийн балыг бэлтгэж байна.