Хар тамхины хэргээр саатуулагдаад байсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.29) болж өндөрлөлөө Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Б.Амархүүг есдүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас “НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хууль”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Каннабиоген” төрлийн өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хадгалсан хэрэгт буруутгажээ. Түүнийг баривчилснаас хойших 28 хоногийг ялаас хасах бөгөөд давж заалдах эрхтэй аж.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

https://www.facebook.com/TovchMedia/videos/1091658524373091/?t=0

Хэргийг эргэн санахад, Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө Б.Амархүү нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах өөрийн байрны өмнө сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй бодис автомашин дотроо хадгалж байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн саатуулсан. Улмаар мөрдөн байцаалтаас шүүхийн шинжилгээ, эд мөрийн баримтын хамтаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зүйлчилж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаа хэргийг хянаад энэ сарын эхээр шүүхэд шилжүүлээд байв.