Хүн төрөлхтөн амьтдаас оюун ухаанаараа ялгардаг хэдий ч заримдаа араатнаас дор аяглах нь бий. Ялангуяа бидний бусдыг гоочилж, өөнтөглөдөг зан хүмүүний мөн чанарыг дотроос нь устгаж байдаг гэлтэй.

Дорж, Дулмаа тийм амьдралтай, тэднийд ийм хэрүүл гарсан, тэр хачин хувцас өмссөн гэх мэтээр зөвхөн бусад руу чиглэсэн яриаг хүмүүс өдөр тутамдаа тоть шиг давтан ярьсаар л байдаг.

Үзэж байгаа нэвтрүүлэг нь хүртэл заавал хэн нэгнийг шүтэх ёстой мэт, заавал хэн нэгнийг магтах ёстой мэт л болж. Угтаа бол бид даяаршлыг дагаж хөгжил, дэвшил, хүний туурвисан бүтээлийг л ярих хэрэгтэй мэт санагдана.

Өнөөдөр Монгол улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх орон болсон. Үүнийг мэдээж хүнсний аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, утаатай холбон тайлбарлаж болох ч үнэндээ энэ нь цэвэр хүний сэтгэл зүйтэй холбоотой байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл, алхам тутамдаа хортой бодлуудаар тархиа дүргэж, амнаасаа сайн сайхныг гаргахгүй байх нь далдуур таны сэтгэлийг булингартуулж, бие махбодийг чинь өвчлүүлж байдаг аж.

Түүнчлэн хүн рүү хараад инээмсэглэж чаддаггүй, бие биедээ урмын үгсийг хэлж чаддагүй мөнхийн уур уцаартай өрөөлийн амьдрал, өмсөж зүүснийг гоочилж суудаг хүмүүс аз жаргалыг энгийн зүйлээс мэдэрч чаддаггүй бөгөөд сэтгэл гутралд амархан өртөж элдэв өвчнөөр хурдан өвчилж эхэлдэг.

Тэгэхээр хэн нэгэн рүү төвлөрөх бодлоо яг одоо зогсоож, зүгээр л өөрийгөө хайрлацгаая. Өөрөө өөрийнхөө бие, сэтгэлийг эрүүл байлгахын тулд сайхан бодлуудаар тархиа цэнэглэж, эерэг амьдралын хэвшлийг бий болгоцгооё.

Эцсийн дүндээ таныг бусдын өмнөөс бухимдаж байгааг чинь хэн ч ойлгохгүй. Тэр тусмаа өвдөөд хэвтэж байхад чинь нөгөө нэг муулаад байсан Дорж, Дулмаа чинь яаж байна гээд асуухгүйд л бүх учир байгаа юм шүү дээ. Тэгэхээр хайран сайхан цаг хугацаагаа бусдын үйлийн үрийг хуваалцахад бүү зарцуулаарай.