Сэлэнгийн цагдаагийн дөрвөн ч алба хаагч бусдад эрүү шүүлт тулгасан хэрэгт холбогджээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүст эрүү шүүлт тулган эрүүл мэндийг нь хохироосон үйлдэл гаргасан учраас шүүгдэгчийн ширээнд суужээ.

Тус аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Чинзоригийг хэргийн холбогдогчийг зодож, эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял шийтгэсэн бол Дав заалдах шатны шүүхээс нь уг ялыг нь хэвээр үлдээсэн байх юм.

Түүнээс гадна дээрх Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга ажилтай, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товлоод байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 21.12-1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл ногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, 11.1-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр уг хэргийг энэ сарын 6-ны 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байсан ч шүүгдэгч Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нар нэмж өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөр оролцож буй П.Баасанжав шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн, прокурор нь хүлээн авснаар энэ сарын 19-ний 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна. Дээрх шүүгдэгч нарыг хохирогч О-ыг зодож хөлийг нь хугалсан гэх үйлдэлд буруутгаж буй юм билээ.

Дөрвөн ч алба хаагч нь бусдын эрүүл мэндийг хохироож, эрүү шүүлт тулгасан хэрэгт холбогдоод байгаа нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдлагын ажил хангалтгүйтэй холбоотой гэж үзэх хүн нэг бус байна.