2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясан хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан билээ. Энэ хэргийг Т.А гэгч нь үйлдсэн бөгөөд тэрбээр сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ өөрийн төрүүлсэн 01 хоногтой нярайг алахаар завдсан байдаг. Эрэгтэй нярайг сайхан сэтгэлт бүсгүйчүүд аварч яаралтай эмчилгээ хийснээр хүүг эндэхээс сэргийлсэн.

Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өглөө төрүүлсэн 1 хоногтой эрэгтэй хүйсийн нярай хүүхдээ -21.5 хэмийн хүйтэн өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээр уутанд хийж орхиж хүүхдээ алахаар завдсан хэрэг гарсан. Энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжсэн байна.

Т.А гэх казак бүсгүй нь 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер дизайны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт … дүүргийн … дугаар хороо, … дүгээр байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.А г “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Хүүхдийн төв сувилалд байгаа 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Харин шүүхээс ял сонссон бүсгүй, нэг жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Т.А гаргасан давж заалдах гомдолдоо: “… анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг дахин хянаж үзээд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би үр хүүхдээ хаясан нь миний буруу. Тухайн үед миний сэтгэл санаа маш их гүн хямралд орсон байсан, хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Яагаад би ийм үйлдэл гаргаж зориглосон болохоо одоо ч өөрөө өөрийгөө ойлгохгүй байна. Цаашид би хүүхдээ авч асрамждаа авмаар байна. Өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй бөгөөд хийсэн гэм бурууг минь ойлгож хөнгөн ял оногдуулж өгнө үү …” гэжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хүүхдээ алахыг завдсан казак бүсгүйд харьцангуй зөөлөн хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхээс нэг жилийн хорих ял оноосон нь шүүх энэрэнгүй зан гаргасныг баталж байгаа юм. Харин үүнийг төрүүлсэн хүүхдээ хаясан этгээд эс зөвшөөрсөн байгаа юм.

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд шүүгдэгч Т.А нь хүүхдээ авахгүй гэдгээ хэлж байсан. Шүүгдэгчийн эцэг, эх төрүүлсэн хүүхдийг нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн баталгаа байхгүй байна. Өвлийн хүйтэнд төрүүлсэн хүүхдээ гялгар уутанд хийж боогоод хогийн цэг дээр аваачиж тавьж байгаа нь хүүхдээ хаях үйлдэл биш гэж үзэж байна. Хэрвээ хүүхдээ авахыг хүсэхгүй, хаяад явна гэсэн бол төрөх эмнэлэгт эсхүл айлын орцонд орхиод явж болох байсан. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хэцүү ойлгомжгүй асуудал бий болоод байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна …” гэсэн байна.

Тэгвэл хүүг анх олсон эмэгтэйчүүд энэ хэрэгт гэрчээр оролцсон. Тэд мөрдөн байцаалтын явцад ингэж мэдүүлжээ.

гэрч Г.Рэгзэдмаа: “…хогийн цэг дээр очиход нярай хүүхэд уйлж байгаа юм шиг санагдсан. Чимээ гарч байгаа газар очиход хогийн цэг дээр уутанд хийсэн өлгийтэй нярай хүүхэд уйлж байхаар нь аваад хүүхдийн яаралтай тусламжийн төвд өгсөн”

гэрч Д.Амгалан: “…хогоо хогийн цэг дээр очиж хаячихаад явах гэтэл хүүхэд уйлах чимээ гарах шиг болохоор нь бид 2 хогийн цэгийг тойроод харахад хуучин аптека байсан байшингийн арын хог дээр шар өнгийн эмнэлгийн хогийн уутанд хийчихсэн, дотроо хэрж оёсон цагаан өнгийн өлгий, ногоон бүтээлэгт ороогоод “хүүхэд” хаячихсан байсан. Өлгийний гадуур цан цохиод их л хүйтэн байсан” хэмээн мэдүүлжээ.

Мөн Т.А нь цочиролд ороогүй гэдгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнууд баталдаг. Тухайлбал, Д.Эрдэнэцагаан: “Т.А нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн. Эмнэлгээс 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гарсан. Т.А гийн биеийн байдал тухайн үед хэвийн байсан хэмээн мэдүүлсэн байна.

Ээждээ гологдсон хүүг төр хамгаалалтад авч, асарч байгаа. Хүү эрүүл саруул, эсэн мэнд бойжиж байгаа юм.

Харин давж заалдах шатны шүүхээс үрээ голж, амийг нь хөнөөхийг завдсан Т.А-д оноосон ялыг хэвээр нь үлдээсэн.

Эцэг эхийн хариуцлагагүй үйлдлийн золиос хүүхэд байх ёсгүй. Тиймээс хүүхдээсээ татгалзаж байгаа бол, өсгөж чадахгүй бол улсын асрамжинд өгөх, бусдад өргүүлэх замыг сонгоно уу. Эс бөгөөд ямар ч буруугүй нялх үрсийн ирээдүйгээр тоглох эрх хэнд ч олгогдоогүй болохыг анхааруулж байна.