Friends цувралын шинэ тусгай анги хийгдэж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан нь шүтэн бишрэгчдийг нь ихээр догдлуулаад байна. Хэрэв уг яриа хэлцэл бодит ажил хэрэг болох аваас киноны үндсэн зургаан гол дүр болон найруулагч, продюсер нь бүгд оролцох юм. Эргэн сануулахад энэ жил алдарт Friends цуврал телевизээр цацагдаж эхэлсний түүхт 25 жилийн ой тохиож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Warner Bros. TV-гийн инээдмийн цуврал болох Friends-ын тусгай дугаар хийгдсэн тохиолдолд HBO Max суваг/платформоор үзэгчдэд хүрнэ. Одоогоор зохиол ямар байх нь тодорхойгүй, зөвхөн анхан шатны яриа хэлцлийн төвшинд байгаа юм. Гэхдээ киноны гол дүрүүд болох Женнифер Анистон, Коуртни Кокс, Лиза Кудроу, Матт Либланк, Маттью Перри, Дэвид Швиммер нартай ярилцах, кино зураг авалтын хуваарийг нь тааруулах, тэдний зав чөлөөтэй цагийг нэгтгэх гээд ярилцаж тохирох зүйлүүд олон байгаа гэнэ.

Friends цувралын шинэ ангийг хийх, тусгай дугаараар бидний хайртай дүрүүд эргэн шүтэн бишрэгчидтэйгээ уулзах талаар санаа гарах болсон нь тодорхой шалтгаантай. Мэдээж энэ жил Friends-ын 25 жилийн ой тохиож байгаа нөлөөлснөөс гадна Friends цуврал албан ёсоор Netflix дээр байршсанаас хойш асар их үзэгчтэй байгаа нь нөлөөлжээ. Netflix платформ дээр байрласнаар урьд өмнө үзсэн нь дахиж үзэх, дурсамжаа сэргээх, шинэ залуу үеийнхэн үзэх зэрэг боломжууд бий болсон юм.

Friends цувралыг цацах Netflix-ын эрх нь 2019 онд дуусч, ирэх жилээс Warner Media-гийн харьяалал бүхий HBO Max дээр байршина. Уг үйлчилгээ нь сарын 15 ам.долларын төлбөртэй үйлчилгээ бөгөөд хэрэглэгчиддээ зориулан сюрприз барих үүднээс Friends-ын шинэ тусгай дугаар гаргах асуудлыг сөхсөн байна.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан