Насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хутгалсан хэрэг энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт зүс таних хүүхэд хутгалаад зугтлаа гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Ө-г олж тогтоосон байна.

Одоогоор гарандаа хутгалуулсан 15 настай Т гэгч нь биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавьж байх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.