ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр ирэх сарын 1-нд тохиож буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш энэ оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. Бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан гэдгийг албаныхан мэдээллээ. Түүнчлэн “Монгод Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай. Үүнээс 38 хувь буюу 281 тохиолдолыг илрүүсэн. 2010 оноос өмнө “Глобаль” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан. Харин 2013 оноос Монгол Улсын Засгийн газар бүрэн дааж, жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсөвт төсөвлөж ирсэн” гэдгийг Халдвар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн юм.

Одоогоор оношлогдоод буй нийт тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй бөгөөд эдгээрийн 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд аж.