Манай сайт өнгөрсөн хоёрдугаар сард МАН-ын генсек Д.Амарбаясгаланг албан тушаал наймаалцсан гэх асуудлаар АТГ-т шалгагдаж буй тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн тухай мэдээлэл тун хомс байгаа нь хачирхалтай. Учир нь өнөөдөр АТГ-ын удирдлагууд бүгд солигдож, энэхүү авлигын хэрэг нэг даргынх нь нэг мөрдөн байцаагчийнх нь шүүгээний мухарт өдөр хоногоо тоолон хүлээж байж ч мэдэх юм. Хэрвээ АТГ-ын хуучин удирдлагууд солигдоогүй байсан бол Д.Амарбаясгалангийн албан тушаал наймаалцсан гэх асуудал шийдэгдэж эцэслэгдэх байсан нь лавтай. Учир нь АТГ-т гомдол гаргасан иргэн Г бүхий л зүйлийг нотлох баримтын хамтаар өгч хэрэг үүсгэсэн нь лавтай. Ингээд болсон үйл явдлыг он сар өдөртэй нь дахин өгүүлье.

2016 оны арваннэгдүгээр сард МАН-ын генесек Д.Амарбаясгалан Баянгол дүүргийн долоодугаар хорооны иргэн Г-д Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалыг 50-н сая төгрөгийг хандивлах нөхцөлтэйгээр санал болгожээ. Д.Амарбаясгалан дээрх иргэнээс мөнгө авахдаа өөрийгөө “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар явах гэж байгаа. Мөн намын санхүүжилтэд мөнгө хэрэгтэй байна” хэмээн хоёр удаагийн үйлдлээр 30 сая төгрөг авахдаа 20 саяыг нь намын санхүүдээ тушааж 10 саяыг нь хүнээр дамжуулан бэлнээр авсан аж. Мэдээж ялсан намын генсект хэн ч итгэх нь ойлгомжтой. Ингээд иргэн Г 2016 оны арваннэгдүгээр сараас ажлаа сураглан очиход МАН-ын генесек “байж бай” гэсэн хариулт өгсөөр байж. Гэтэл Д.Амарбаясгалан 2017 оны нэгдүгээр сард иргэн Г-д санал болгож байсан /НӨҮГ/ Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалд өөр хүнийг томилсноор асуудал үүсч тэрбээр Д.Амарбаясгалантай уулзахыг хүсч түүн рүү олонтаа утас цохьсон ч тусыг эс олжээ. Том намын генсект итгэж өөрт байсан мөнгөө шавхаж өгсөн иргэн Г уг үйл явдлын дараа энэ асуудлаар МАН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаж Д.Амарсайханд ёс зүйн арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч тэд гомдлыг нь авч хэлэлцээгүй ажээ. Яг үнэндээ Ёс зүйн хороо Д.Амарбаясгаланд хариуцлага тооцож арга хэмжээ авна гэж байхгүй. Учир нь тус хорооны бүхий л ажил түүний заавар дор явагддаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Ийм л ичгэвэртэй явдлыг Д.Амарбаясгалан хийсэн ч эрх мэдэлдээ дулдуйдан өөрт нь итгэж хамаг байдгаа шавхан өгсөн нэг иргэнийг хохироосон нь яалт ч үгүй гэмт хэрэг. Гэмт хэрэг дотроо бүр авлига албан тушаалын хэрэг гэдэг нь харагдаж буй ч үүнийг нь одоогийн АТГ-ын удирдлагууд хэрхэн яаж шийдсэн нь хачирхалтай.

Яг үнэндээ Д.Амарбаясгалан МАН-д балаг тарьсан уу гэхээс гавьяа байгуулаагүй нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тухайлбал, намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүнийг ялагдуулсан, ЖДҮ-ийн зээл, элдэв тендерт нэр холбогдсон асуудал нь олон нийтэд баримттайгаар дэлгэгдсэн гээд түүнд тоймгүй олон балаг байдаг. Үүгээр ч зогсохгүй тэрбээр нутаг нэгт андыгаа хүртэл намаасаа хөөлгөж тойргийг нь булаан авах увайгүй үйлдлийг ч хийж байсан удаатай. Мөн өнгөрсөн хугацаанд журмын нөхдийгөө 60 тэрбумын гэх хэрэгт холбож албан тушаал наймаалцсан хэмээн хамгийн их чангаар орилж улстөрийн зохиомол хэрэгт гүтгэсэн тэрбээр харин ч албан тушаалын наймааг яаж хийдгийг өөрийн биеэр яруу тодоор харуулсныг нь иргэн Г-ийн үйлдэл бэлхнээ гэрчилж байна. Ийм л хүн өнөөдөр МАН гэх том айлын гал тогоог шороотой хутгаж одоо бүүр намын генсек гэх албан тушаалаа чамлаж төрсөн нутаг Говь-Алтай аймагтаа бэлэг тарааж, сонгогчдод нөлөөлөх ажиллагааг зохион байгуулсан хэмээгдэж нэгэн иргэний гомдлын дагуу Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлийн нүүр хуудсыг чимэх боллоо. Бид Д.Амарбаясгалантай холбоотой мэдээллүүдийг дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно.

Б.Отгонзаяа 

Эрэнньюс.мн