Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал,  ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр,нарыг шалгаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Прокурорын байгууллагын эх сурвалжууд “Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээсэн юм.

Бидэнд олдсон мэдээллээр Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлын дагуу хэрэг нээгээд буй аж. Тухайлбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт шалгуулж буй юм байна. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлж авсан хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдохгүй байгаа гэнэ. Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон аж.

Г.Батжаргалын хувьд АТГ-аас албан бичиг хүргүүлсэн ч үл ойшоож байсан билээ. Түүнд хууль зөрчиж, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан сумын Засаг даргадаа хариуцлага тооц гэсэн мэдэгдэл хүргүүлэхэд “Хандив авахыг хуулиар зөвшөөрсөн байдаг” хэмээн тайлбарласан түүхтэй.

Бид тэдний холбогдсон хэргийн талаар эргэн мэдээлэх болно.