Дэлхий дээр халдварт өвчний дотор зоонозын халдвар 75-80 хувийг, түүний дотор вируст халдвар 75 хувийг эзэлдэг. Монгол орны мал, араатан амьтад, жигүүртэн, хачиг, шумуул, эгэл биетэн халдварын агууламжтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж вирус, нянгууд хувьсаж, урьд хожид байгаагүй шинэ халдварт өвчин үүсч буй нь салбар бүрийг нягт хамтран ажиллахыг сануулж буй. Иймд нэг улс, нэг салбар дангаараа шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй /Зика, эбола зэрэг вирус/-тэй тэмцэж чадахгүй учир дэлхийн бусад орнууд нийгмийн бүх салбарууд “Нэг эрүүл мэнд” үзэл санаан дор нэгдэж, ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ.

Тус үзэл баримтлалаар хийгдэх эрдэм шинжилгээний хурлын үеэр судалгаанд суурилсан шийдвэр гарахад ашиглах, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

“Нэг эрүүл мэнд” ОУ-ын VI симпозиумыг 9 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд хуралд гадаадын 6 орны 25 төлөөлөгч, дотоодын 95 төлөөлөгч оролцох юм байна.