Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2-р сарын 14-ний өдөр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй Нийгэм Форум дэмжлэг үзүүлж эрх зүйн хөтөч www.e-khutuch.mn цахим санг үүсгэн иргэдийн хүртээл болгоод байгаа юм.

Энэхүү цахим санд иргэдэд нэн шаардлагатай,түгээмэл тохиолддог асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэг болох мэдээлэл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг оруулжээ. Энэхүү хялбаршуулсан хууль зүйн мэдээллийн цахим сан нь иргэд хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах боломжийг олгосноороо давуу талтай. Эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах жишиг аймгаар Сэлэнгэ, Хэнтий гэсэн 2 аймаг шалгараад байгаа.

Энэ ч үүднээс Сүхбаатар сум дахь Олон улсын худалдааны төвд байрлах “Нэг цэгийн үйлчилгээ”-ний танхимд “Эрх зүйн хөтөч”-ийн булан шинээр нээгдлээ. Хууль эрх зүйн бүх төрлийн мэдээллийг иргэн та энэхүү булангаас хэвлэн авч танилцах боломжтой.

Монгол Улсдаа жишиг болох зорилтын дор Сэлэнгэ аймаг эрх зүйн хөтчүүдийг бэлтгэх сургалтыг орон нутагтаа зохион байгуулж, 17 сум, 6 тосгон нийт 23 газарт иргэдэд үйлчлэх эрх зүйн хөтчийг бэлтгээд байна.

Мөн сум, тосгодод эрх зүйн булан нээхэд шаардагдах тоног төхөөрөмжийг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нээлттэй нийгэм форумтай хамтран хэрэгжүүлж байна.

Аймгийн төв Сүхбаатар суманд нээгдсэн “Эрх зүйн хөтөч” булангийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Нээлттэй нийгэм форумын төслийн зохицуулагч П.Бадамрагчаа, ХЗҮХ-ийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга нарын албаны хүмүүс, сум, тосгодын эрх зүйн хөтчид оролцлоо.