Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ

   Энхрий бяцхан хүүхэд багачууд аа

    Хүндэт эцэг эхчүүд ээ

 Та нартаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, үргэлжийн баяр баясгалантай, сурч мэдэхийн их тэмүүлэлтэй байхыг хүсэн ерөөе.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2200 охид, хөвгүүд ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг алхан орж, боловсролын салбарт 1400 гаруй багш ажиллаж, 35 сургуульд  21000, 45 цэцэрлэгт 9000 хүүхэд, багачууд сурч хүмүүжихээр хичээлийн шинэ жилийн хонхны дууг сэтгэл догдлон хүлээж байна.

Боловсролын талаар төрөөс баримталж ирсэн шинэчлэлийн бодлого, боловсролын салбарт ажиллагсдын маань нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан зүтгэсний дүнд ахиц дэвшил гарч байгааг дүгнэж хэлэхэд таатай байна.

Аймгийн удирдлагууд Сэлэнгэ сайхан нутгийнхаа ирээдүй нь болсон хүүхэд багачуудынхаа төлөө байнга анхаарал тавьж, тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийг хичээн ажиллаж байна.

Хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ

Үр хүүхдүүдээ багаас нь эрдэм номтой, тэсвэр хатуужилтай, зөөлөн ууч сэтгэлтэй, ахас ихсээ дээдэлдэг, бие биеэ хүндэлдэг, зөв бодолтой иргэд болгох их үйлсдээ амжилт олно гэдэгт итгэж, найдаж байгаагаа илэрхийлье.

Хайрт хүүхэд багачуудаа

Өөрсдийгөө зоригжуулан хурцалж, эрдэм номдоо шамдан суралцаарай. Боловсрол аливаа хүнийг чимж, боловсрол мэдлэгтэй, бүтээлч хөдөлмөрч хүн эх орноо хөгжүүлдэг юм шүү гэдгийг захиж хэлье.

Улс орны маань гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд минь оюунлаг, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, өөдрөг үзэлтэй, хүсэл тэмүүлэлтэй иргэн болж Сэлэнгэ сайхан нутгийнхаа улмаар улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, алдар цуугаа дуурсгаж явахыг хүсэн ерөөе.

Номын цагаан буян дэлгэрч, эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ