Өнөөдөр 09 дүгээр сарын 01-ний өдөр. Улс орон даяар эрдмийн их өргөө үүдээ нээж хичээлийн жил эхэлж байгаа гэгээхэн өдөр.

2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2200 охид, хөвгүүд ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг алхан орж байгаа бол боловсролын салбарт 1400 багш ажиллаж, 35 сургуульд  21000, 45 цэцэрлэгт 9000 хүүхэд, багачууд сурч хүмүүжнэ.

Шинэ хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож их эрдмийн харгуйд шамдан суралцаж байгаа хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.

Д.Энхтайван захиралтай Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар оролцож баяр хүргэлээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа 2 дугаар сургуульд 3 ус цэвэршүүлэгчийг гардуулан өгч сургалтын орчинд нь туслалцаа үзүүлсний зэрэгцээ анги танхим, сургалтын орчинтой  танилцлаа. 2013 оны “Аймгийн тэргүүний хамт олон”, 2015 оны “Улсын тэргүүний сургууль”, 2016, 2018 оны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан тус сургуулиас дэлхийн шатрын аварга 1, дэлхийн бяцхан мисс 1 тодроод байна. Мөн 2014, 2016, 2018 онуудын элсэлтийн ерөнхий шалгалтаар 3 сурагч 800 оноо авч, сүүлийн 4 жилд аймагтаа сурлагаараа эхний 3 дугаар байрт тогтмол манлайлж яваа, сурлага, урлаг, спортын олон арван шилдэг хүүхэд багачуудыг төрүүлэн гаргаж байгаа давуу талтай сургууль юм.

Сурагчдын сурах таатай орчин бүрдүүлэх, сургалтын бааз сууриар хангах, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх тал дээр тус сургууль онцгой анхаарал хандуулж зорьсон зорилгодоо хүрч ажиллаж байна.

Ээж аав, эх орны гэрэлт ирээдүй хүүхэд багачуудынхаа сурч мэдэх их үйлсэд, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ эрдэм мэдлэг, хүч чадал, гоо зүйн өндөр мэдлэгтэй зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.