Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183 тоот тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй Хүүхдийн спортын YI их наадам нийслэл Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд явагдана.


Хичээлийн шинэ жилийн энэ өдөр хүүхдийн спортын их наадамд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцох өсвөрийн баг тамирчид, багш дасгалжуулагчдыг үдэн гаргаж, аймгийн хүндэтгэлийн тугийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хүндэтгэлийн тугийг БТСГ-ын дарга У.Батмөнхөд гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ. Энэ үеэр спортын төрөл тус бүрийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, өсвөрийн баг тамирчдаа дэмжиж урамшуулах үйл ажиллагааг аймгийн удирдлагын баг цаашид ч авч хэрэгжүүлнэ гэдгийг аймгийн дарга онцлон тэмдэглэлээ.


Сэлэнгэ аймаг 7 удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулж, өсвөрийн баг тамирчдаа урамшуулан дэмжиж байгаа спортыг дэмжигч аймаг. Шатар, бокс, жүдо, самбо, жиу-жицу, волейбол, даам, таекондо гээд спортын олон төрлүүдэд Сэлэнгэ аймгийн зовхи нь өөдөө хүүхэд багачууд эх орон, нутаг усныхаа нэрийг тив, дэлхий, ази, улсын хэмжээнд мандуулан бадруулж, амжилт арвинтай явна.


Хүүхдийн спортын YI их наадамд манай аймгаас 209 тамирчин, 20 дасгалжуулагчийн хамт спортын 18 төрөлд оролцоно. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас тус наадамд оролцох баг тамирчдын унаа, хоол, байрны зардлыг шийдвэрлээд байна.


Хүүхэд багачууддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.