Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах төв комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. МХЕГ-ын дарга  Н.Цагаанхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын  зохион байгуулалтын явц байдлыг тогтоон дүгнэх зорилготой.

Төрийн архивын улсын үзлэгт аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагууд, төрийн байгууллагууд, аймгийн болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд хамрагдах бөгөөд ХЗДХ-ийн Сайдын баталсан удирдамжийн хүрээнд 96 үзүүлэлтээр дүгнэх юм.

Үзлэгээр албан бичгийн стандарт, горим, хүний нөөц, найруулга зүй гээд бүхий л холбогдолтой зүйлийг шалгаж үзлэгийн нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар оруулж, зөвлөмж гарган аймаг, орон нутаг, шалгагдсан байгууллагуудад хүргүүлнэ гэж ажлын хэсгийн ахлагч Н.Цагаанхүү хэллээ. Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь шалгалтын явцад илэрсэн зөрчлөө богино хугацаанд арилгах боломжийг олгож байгаа гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийг үндэслэн зохион байгуулж буй энэхүү үзлэг шалгалт 4 жилд нэг удаа болдгоороо онцлогтой.