Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, тэргүүний сэхээтэн, чадварлаг удирдагч Аюушжавын Ганболд таалал төгсөж, бурхны хутгийг оллоо.

А.Ганболд нь 1957 онд Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай бригадад Аюушжавын ууган хүү болон төрсөн.

1973 онд Ерөө сумын 8 жилийн сургууль, 1975 онд Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн.

1979-1990 онд Сэлэнгэ аймгийн Орхоны САА-д ерөнхий эдийн засагч, 1990-1992 онд Ерөөгийн САА-н дарга, 1990-2007 онд “Ерөө” ХХК-ийн ерөнхий захирлын албыг хашсан.

1996-2000 онуудад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 1992-1996 онуудад Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байсан.

Тэрээр Орхон суманд хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын системийг нэвтрүүлж, аж ахуйн нэгж, хэсэг малчдад түрээсийн гэрээг бодитойгоор гардан зохион байгуулж, Ерөө суманд өмч хувьчлалыг улсын комиссын онц үнэлгээтэйгээр зохион байгуулсны зэрэгцээ сумын иргэдийг ажлын байраар хангах, ахуй амьжиргааг дээшлүүлэх, сургууль, цэцэрлэг эмнэлэг зэрэг нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэхээр дэмжиж байсан тусламж дэмжлэг нь үр дүнгээ өгсөн бодит ажлууд болсон юм.

Ажлыг чин сэтгэлээсээ идэвх санаачилгатай гүйцэтгэж чаддаг, сум орон нутаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй, бидний итгэл найдварыг хүлээсэн шилдэг удирдагч, сэхээтэн байлаа.

Аюушжавын Ганболдын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 80,90 жил”-ийн ойн медаль, ХХАА-н “Тэргүүний ажилтан”, Санхүү-банкны “Тэргүүний ажилтан”, “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн” медаль, “Атарчдын алдар” медаль, “Ерөө сумын хүндэт иргэн”, 1986, 1990 оны “Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн аварга мэргэжилтэн”, Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус урамшуулж байв.

Тэргүүний сэхээтэн, чадварлаг удирдагч А.Ганболдын дайчин, манлайлагч зан чанар, хүнлэг сайхан сэтгэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР