Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд газар тариалангийн салбараас төрсөн улсын аварга цолтонгууддаа хүндэтгэл үзүүлэх “Улсын аваргуудаараа бахархацгаая” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас төрсөн улсын аварга тариаланч, улсын аварга ногоочин, улсын аварга хадланч, улсын уран хагалгааны аваргууд маань хүрэлцэн ирсэн юм. Хамгийн өндлөр настай нь 1946 оны тракторчин, улсын 3 удаагийн аварга, Баруунбүрэн сумын 94 настай Ж.Адьяасүрэн гуай байсан бол БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Г.Дампил,Ц.Сүрэн, Б.Батаа, Б.Туяа, БНМАУ, Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Болд, Г.Товуудорж, С.Ганболд,Тогоодой ,гавьяат агрономч С.Хундмаа, Н.Шархүү тэргүүтэй аваргууд маань цугларлаа.

Аваргуудын уулзалтандаа оролцохоор түрдэг тэргэн дээр түрүүлж, үр хүүхдээрээ хөтлүүлж ирцгээсэн аваргуудаараа бахархахгүй байхын аргаүй байлаа. Сэлэнгэ аймгаас БНМАУ-ын аварга цолыг хөдөлмөрийн баатар Алтангэрэл, Цайван нар тус бүр 10 удаа хүртсэн амжилтаараа тэргүүлж байна. 60 жилийн түүхэнд хамгийн олон аварга буюу 70 гаруй аварга төрүүлсэн Шаамар сум-Шаамарын ТАА-гаас 30 аварга ирсэн нь хамгийн олон нь байлаа.

Цэл залуу насныхаа од хийморь, эрч хүчээ газар шороондоо шингээн хөдөлмөрлөж, энгэртээ одон медалиа гялалзуулсан буянтай буурлуудаараа бахархахгүй байхын аргагүй ээ.