Хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, яруу эгшиглэнт эх хэлнийхээ гайхамшигт сайхныг  түгээн дэлгэрүүлж бахархах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Уран жиргээ” аймгийн наадам 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар суманд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү наадамд сум орон нутгаас шалгарсан 13 сумын 65 хүүхэд оролцож, сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах насны ангиллаар авьяас билгээ уралдуулснаас сургуулийн өмнөх насны ангилалд Сүхбаатар сумын 7-р цэцэрлэгийн Б.Энхнаран, бага насанд Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн сурагч А.Амарзаяа, дунд насанд Ерөө сумын ЕБС-ийн сурагч Ө.Хулан, ахлах насанд Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагч Э.Энхсүлд нар тэргүүлжээ.Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд энэ сарын 25-нд болох Улсын уралдаанд оролцох эрхээ авсан байна.

“Уран жиргээ” аймгийн наадамд хүүхдүүд С.Эрдэнийн “Чөдөр”, Ш.Сүрэнжавын “Ерэн баатарын дууль”, Д.Цоодолын “Харамчийнхан”, Жамьянгийн “Цасангаа”, Ж.Лхагваагийн “Бид ялав”, С.Дашдооровын “Үрт амьтан”, Б.Догмидын “Оосор бүсгүй орчлон” зэрэг Монголын уран зохиолын сор болсон зохиолчдын найраглал, өгүүллэгүүдийг уншсан байна.

Түүнчлэн “Оносон тавилан”, “Суурин газрын орчлон”, “Дархад”, “Ээжийгээ хайрлаж яваарай”, ” Чингисийн тамга”, “Буун дуу”, “Аавдаа”, “Ээждээ бичсэн захидал” зэрэг ур чадвар шаардсан шилдэг бүтээлүүдийг амилуулан уншсан нь хүүхдүүдийн чадварыг харууллаа хэмээн зохион байгуулагчид болон шүүгчдийн зүгээс онцоллоо.