Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга, инженерүүдтэй уулзаж, ярилцан галлагаа болон ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Иргэдийн зүгээс халаалт дулааны гомдол багагүй ирж байгааг аймгийн дарга онцлон тэмдэглэсэн.


“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар: “Бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Тулгамдаж байгаа гол асуудал өр авлага. Бид байгаагаа тордож ашиглаж байгаа ч сүүлийн эргэлтүүдэд халаалт маш муу хүрч байгаа” гэлээ.


Бодит нөхцөл байдал, ард иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-т шинэ насос авч өгөх асуудлыг шийдвэрлэхээр боллоо.


Энэ үеэр их өр төлбөртэй айл өрхүүдийн нарийвчилсан судалгааг гарган албан байгууллагууд руу нь явуулах асуудал ч яригдсан. “Сэлэнгэ Энерго” үйлдвэрийн газрын хэрэглэгчдийн талаас илүү хувь нь айл өрх иргэд байгаа ч 10 хүрэхтэй үгүйтэй хувийнх нь орлого орж ирдэг байна. Өр авлагаа бүрэн авч чадахгүй байгаагаас, халаалтын сарын зөрүүтэй байдлаас “алдагдалд” орж байгаагаа инженерүүд хэлж байсан юм.