Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Пүрэвдагва, улсын харцага Бат-Өлзий, Одгэрэл, улсын начин Амарзаяа, Б.Орхонбаяр, Н.Баярбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.


Энэ үеэр аймгийн удирдлагын зүгээс энэ жилийн аймгийн баяр наадмын түрүү үзүүр, улсын их баяр наадмын начин цолтонгууд болох улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарт хүндэтгэл үзүүллээ.


Атрын 60 жилд зориулсан үндэсний бөхийн барилдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой сайхан болж Цагааннуур сумын харъяат улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын начин Амарзаяа үзүүрлэлээ.

Б.Орхонбаяр начин шөвгийн дөрөвт улсын харцага Бат-Өлзийг хүч бяр шавхан барилдсан барилдаан гаргаж өвдөг шороодуулсан.


Өргөн Сэлэнгийн атрын ойдоо зориулсан барилдаан үзэгчдийг өндөлзүүлсэн, уухайн дуутай, хөөр баяртай, өргөн дэлгэр боллоо.