‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архинуудыг хуурамчаар үйлдвэрлэж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал,  Сүхбаатар дүүргийн IX хороо буюу Дэнжийн 10000 орчимд ‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэж байж болзошгүй үйлдэл илэрсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримт болгон хураан авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээрх үзлэг шалгалтыг хийсэн юм.

Энэ талаар НМХГын улсын ахлах байцаагч Н.Одончимэг “Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээллээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр архи хуурамчаар үйлдвэрлэсэн байх магадлалтайг мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд шинжээчээр оролцож, эдгээр согтууруулах ундаа ямар төрлийн спиртээр хийсэн, сав баглаа боодол, хаяг шошго болон бусад нөхцөл байдалд хяналт, шалгалт хийж байна. Нөхцөл байдлаас харахад энэ бүхэн гэмт хэргийн шинж чанартай байна. Цааш худалдан борлуулдаг сүлжээ байгаа учраас л үйлдвэрлэж, хуурамч бүтээгдэхүүн хийж байгаа гэж би хувьдаа таамаглаж байна. Энэ асуудлыг тодорхой болгох нь хамгийн чухал. Хэрвээ эдгээр бүтээгдэхүүн худалдааны зах, дэлгүүрүүдэд байгаа бол буцаан татаж, холбогдох журмын дагуу арга хэмжээ аваад явна” гэлээ.

Тиймээс иргэд дээрх нэр бүхий архийг худалдан авахдаа лац, баглаа, боодол зэргийг анхаарч хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс сэрэмжилж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.