ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТУРШЛАГААС


2019 онд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад миний бие анх удаагаа шалгалт өгөөд амжилттай тэнцсэн 1116 иргэний нэг болж шалгарсандаа баяртай байна.
Төрийн албаны шалгалт өгөхийг хүссэн иргэдийг анх удаа цахимаар бүртгэж, Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам зэрэг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ерөнхий мэдлэгийн, Монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварын шалгалт гэсэн 3 үе шаттайгаар 6 хоногийн турш зохион байгуулж шалгасан нь энэ жилийн ерөнхий шалгалтын онцлог байлаа.
Эхний шатны шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад хууль, эрх зүйн мэдлэгийн 20 асуулт, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэгийн 20 асуулт, IT буюу мэдээллийн технологийн мэдлэгийн 15 асуулт нийт 55 оноогоор үнэлэгдэх 55 асуултад 60 минутанд хариулдаг юм байна. Би нийт 82 оноо авч тэнцсэн.
Миний бие эхний шатандаа бэлдэхдээ төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль тогтоомжуудыг сайн бэлдэж уншсан боловч өөрийн хүссэн өндөр оноогоо аваагүй “Монгол хүн байна даа хор шар байна даа” гээд өөрийгөө хурцалж дараагий хоёр шалгалтаа ахин сайн бэлдэж бүтэн оноонуудаа авсан.


Өмнөх жилүүдэд эрх зүйч, хуульч хүмүүст илүү давуу талтай буюу хууль, эрх зүйн холбогдолтой асуултууд их ирдэг байсан гэж сонссон. Гэвч энэ жилийн шалгалт нь өмнөх жилүүдээс харьцангуй өөр буюу тухайлсан мэргэжил туршлага шаардаагүй, төрийн албанд ажиллахад наад захын шаардагдах хууль эрх зүйн мэдлэг, Монголынхоо түүх соёл, нийгэм эдийн засгийн болоод мэдээллийн технологийн суурь мэдлэгийг эхний шатанд ижил түвшинд шалгасан нь илүү онцлогтой байна.
Иймд төрийн албанд орж ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, хуулиа чандлан баримтлахаа зорилгоо болгосон хэн бүхэнд нээлттэй бөгөөд цахимаар бүртгэж, цахимаар шалгалтаа өгч, шалгалтын вариантгүй, цахимаар тэнцсэн эсэхээ шалгах, хүний оролцоо, хамаарал, нөлөөлөлгүй харагдлаа.
3 шатны шалгалт нь тус бүрдээ босго оноотой болсон нь төрд ажиллах боловсон хүчний өндөр шаардлага, төрийн албаны босгыг өндөр болсныг харууллаа гэж бодож байна.
Тиймээс шалгалт өгөхийг зорьж буй та бүхэнд зориулж хэлэх дараах зөвлөгөөг хүргэе гэж бодлоо:
1. Шалгалтад зориулан хэвлэн гаргасан ном, гарын авлагыг сайтар уншиж, даалгавруудыг нэгд нэгэнгүй гүйцэтгэх (Төрийн захиргаа, төрийн албаны тухай холбогдох хуулиуд, төрийн бодлогын баримт, бичгүүдийг сайн уншиж бэлдсэн боловч яг шалгалтад Жендерийн тэгш байдлыг хангах тухай, Архивын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай зэрэг бусад хуулиудын холбогдолтой асуултууд орж ирсэн) Хуулийн тестүүдийг сайтар цээжлээд ойлгосон байхад өндөр оноо авч, тэнцэх магадлал өндөр. Эхлээд хуулийн зүйл заалтуудыг уншиж судлаад дараа нь ном дээрх тестүүдийг бөглөөд цээжлээд шалгалтад ороход хуулийн мэдлэг шалгах тестүүдэд бүдэрнэ гэж айх асуудалгүй. Би цээжилсэн болгон мэдлэг биш гэж боддог.
2. Ерөнхий боловсрол буюу суурь боловсролын Монголын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэгээ сэргээж нэлээд ач холбогдол өгч сайн унших. (Ялангуяа 10 жилийн мэдлэгээ сэргээх) – мэдээж бид Монгол улсын иргэд учраас улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн байдал түүний онол, үзэл баримтлалууд төдийгүй өдийд бүрэн эрхт, тусгаар тогтносон, ардчилсан улс болох хүртлээ юу үзэж туулсан тэр бүхий л түүх соёлоо мэдэх хэрэгтэй.
3. 21-р зуунд бидний амьдарч буй энэ эрин үе маань ICT буюу мэдээлэл-харилцааны технологийн эрин учраас бид албан ажлын хэрэгцээндээ наад захын IT-ийн мэдлэг, чадварыг сурсан, мэдсэн байх шаардлагатай. Энэ жилийн шалгалт нь мэдээллийн технологийн асуултын хувьд Microsoft office 2007 тэр тусмаа excel 2007-той холбоотой асуултууд ирсэн гэж сонсогдох боловч яваандаа Office 2016 or

2019-той холбоотой илүү шинэчлэгдсэн асуултууд орж ирнэ гэж найдаж байна. Тиймээс IT-тай холбоотой мэдлэгээ зузаатгахыг хүсье.
Дээр хэлсэнчлэн эхний даваа бол шаггүй амаргүй шүү тиймээс ч 80 хувь нь буюу ихэнх хүмүүс шалгалтдаа унаснаас харагдаж байна. Тиймээс маш сайн бэлдэж өргөн хүрээний мэдлэгээ зузаатгаж чухал, ач холбогдол өгөхийг хүсч байна. Мөн гэртээ харих замдаа ч юмуу гадуур ажилтай үедээ утасны апплейкшн дээрх тестүүдийг миний хувьд бөглөдөг байсан. Зарим асуулт, хариултууд буруу орсон байдаг юм байна лээ шүү. Албан ёсны Төрийн албаны зөвлөлөөс гаргаагүй тул тэр агуулгаас ирнэ гэж найдалтгүй юм. Бас шалгалт өгч байсан хүмүүсийн нэгдсэн фэйсбүүк группүүдээс жишиг даалгавруудыг гүйцэтгэж, мэдлэг туршлагаа хуваалцаж байсан.

4. Монгол хэл, бичгийн чадварын шалгалтад Төрийн албан зөвлөлөөс бэлтгэн гаргасан гарын авлагын дагуу асуултууд орж ирсэн. Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан тул Монгол бичгээ сайн сурч мэдэх ёстой. 2 дахь шатны шалгалтад тэнцээгүй хүмүүс Монгол бичигтээ алдсан гэж сонсон. Тиймээс Монгол хэлний зөв бичих дүрэм, хэл зүй, үгийн сан-утга зүй, найруулга зүйд анхаарч бэлдэхээс гадна Монгол бичигтээ ач холбогдол өгч сайн бэлдээсэй гэж зөвлөж байна.)
5. Дүн шинжилгээ хийх чадварын буюу сэтгэхүйн чадамж (логик сэтгэлгээ-IQ)-ийн шалгалтад гарын авлагын 20 асуултад хязгаарлагдахгүйгээр боломжит 100-200 жишиг тест, сорилуудыг ажиллахад тодорхой баримжаа, бодох аргачлалтай болно. (Олон улсын түвшинд IQ-аас илүү EQ буюу Emotional Quotient or Emotional Intelligence Сэтгэл хөдлөлийн чадамж, сэтгэлгээг илүү авч үзэж буй тул яваандаа EQ-тэй холбоотой асуултууд орж ирнэ гэж найдаж байна.)

Төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий шалгалтаа өгч тэнцээд, нөөцөд орно. Үүний дараа сул орон тоо зарлагдсан тохиолдолд тусгай шалгалт өгч хамгийн өндөр оноо авснаар төрийн албанд томилогдоно.

Шинэ хуулийн зорилтын хүрээнд хувь хүний ерөнхий мэдлэгийг, асуудал шийдвэрлэх чадварыг шалгахад чиглэгдсэн байсан. Тэр үүднээс шалгалтын бүх даалгаврыг номд хэвлээгүй гэж байх. Өмнөх жилүүдийн шалгалтуудад хууль, эрх зүйн асуулт түлхүү орж, асуултуудыг номд оруулаад хэвлээд тараачихдаг учраас энэ төрлийн асуултад алдах магадлал харьцангуй бага байсан гэж холбогдох хүмүүс нь мэдээлэл хийж байсан.
Харин түүх, нийгэм, эдийн засаг, логик сэтгэлгээг шалгах асуултууд хувь хүний ерөнхий мэдлэгийг шалгадаг учраас алдаа гаргах нь элбэг байсан байх.


Мөн хувийн зохион байгуулалт, өөрөөс шалтгаалах зүйлээр шалгалтнаасаа хоцорсон, баталгаажилтын хуудсаа орхисон, буруу хэвлэсэн гэхчлэн жижигхэн асуудлаас болж багагүй хүн эхний шатандаа орж чадаагүй гэсэн тул бүгдээрээ дор бүрээ хариуцлагатай байж, ирээдүйн Монгол улсын Төрийн албанд зүтгэх төрийн жинхэнэ албан хаагчид болох тул мэдлэг боловсролтой, хариуцлагатай, шударга байцгаая гэж уриалж байна.
Эцэс нь хэлэхэд Та хэн нэгнээс хамааралтайгаар хэн нэгэн надад туслачих болов уу, яах бол гэж царайчлахгүйгээр өөрөө өөртөө итгэн, мэдлэг чадвараа чин үнэнч, шударгаар шалгуулахдаа бэлэн байж шалгалтдаа маш сайн бэлдэхийг миний зүгээс хүсэж байна.
Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Б.Золзаяа