Сүү шиг сэтгэлийг гашлуулахгүй байхсан

Гэгээн харцыг сэвтүүлэхгүй байхсан

Цагаан дээр хараар бичих ч

Хилэнцээс алсрахын уг

Хар дээр алтаар бичих нь

Гайхамшигт бодгалийн эрдэм

Цагаан цайлган дүр эсгэгч

Хувиа хичээгч бэртэгчид аюултай

Хар явдлаар явах мэт боловч

Сэтгэлийг оносон хэн бээр ч эрдэнэ

Баасыг алтаар бүрвээс

Олонх бээр шүтэх нигууртай

Чандманийг будгаар будахуйд

Хэн бээр ч танихуйяа бэрх

Адгуусанд ч болов хайрын сэтгэл буй

Хүмүүн болов ч бусдыг хайрлах үгүй бол харамсалтай

Тус гарвал чөтгөрөөс ч тус гарна

Шалтгаан үрийг эс оновоос бурхан ч тус үгүй

Сэтгэл хэмээх нь эмнэг адуу мэт

Цулбуурдаж эс сургаваас араатнаас дор болмуй

Сэтгэлийн алтан жолоог барих нь

Хэн хүмүүний туйлын зорилго байлтай

Алтан жолоо хэмээх нь номыг сэтгэлтэйгээ нийлүүлэх

Номыг сэтгэлтэйгээ үл уусгаваас хоосон хийрхэл болмуй

Зава Дамдин Ринбүчи