Улсын Дээд шүүх хяналтын шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд эрүү, иргэн, захиргаа аль нь ч адилхан ТАВАН шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийддэг. Эрүү, иргэн, захиргааны танхим нь тус бүр найман шүүгчтэй байдаг. Гэтэл УДШ-ийн Иргэний танхимын 5 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр гурван шүүгч ажиллаж байв. Нэгэнт шүүгчийн ирц бүрдэхгүй байгаа тул иргэд, шүүх хүссэн ч УДШ-ийн иргэний танхим хуралдах боломжгүй болоод байсан юм. Тэгвэл УДШ-ийн иргэний танхимын хоёр шүүгчийн эрхийг 2020.01.10-ны өдөр сэргээснээр УДШ-ийн иргэний танхим 1300 гаруй хэргийг эхнээс нь шийдвэрлэх боломжтой боллоо.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.17-ны өдөр зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн. Монгол улсын түүхэнд байгаагүй энэ зарлигаас болж өнөөдөр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын үйл ажиллагаа гацаанд ороод байсан билээ. Өөрөөр хэлбэл УДШ-ийн Иргэний танхимын

· Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр

· Ц.Амарсайхан

· Д.Цолмон

· Г.Цагаанцоож

· П.Золзаяа нарыг түдгэлзүүлснээр УДШ-ийн иргэний танхим иргэний хэргийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэх боломжгүй болсон. Ингэснээр УДШ-ийн иргэний танхимд 1300 гаруй хэрэг шийдэгдэхгүй боломжгүй байдалд орсон.

Улмаар эрхээ “хязгаарлуулсан” шүүгч нарыг Салхитын мөнгөний орд болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл дээрх хэргүүдэд хамааралгүй гэдгийг АТГ-аас “баталгаа гаргасан” тул нэр бүхий долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн. Тухайн долоон шүүгчийн хоёр нь буюу Х.Сонинбаяр, П.Золзаяа нар нь УДШ-ийн иргэний танхимын шүүгч бөгөөд УДШ-ийн иргэний танхим ингээд таван шүүгчтэй болж байна.

Ингэснээр иргэний хэргүүдийг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Эрх нь сэргэсэн шүүгч нар эхнээсээ ажилдаа ороод байгаа аж.

 

Т.Энхриймаа