Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ЦЕГ-аас тайлан гаргасан байна. Ажлын тайлан бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр хуралдаанаар “Улаанбаатар-Дархан чиглэл болон Баянзүрх дүүргийн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын барилгын ажлыг гүйцэтгэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих”, мөн оны 158 дугаар тогтоолоор “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүрэг бүхий цагдаагийн нэгж байгуулах”-аар шийдвэрлэсний дагуу Тээврийн цагдаагийн албанд Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг тус тус шинээр байгуулсан.

Тус хэлтсээс Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрсийг нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж, 4150 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 251 тээврийн хэрэгслийг илрүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авсан.

Мөн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулаан үйлдвэрлэдэг 93, түлээ нүүрс худалдан борлуулдаг 98 цэгт болон сайжруулсан түлшний уутанд түүхий нүүрс, орон нутагт үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй түлш савлаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаа.

Шалган нэвтрүүлэх 7 цэгт 45 алба хаагч 4448 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, 650 кг бугын ясан, 5 ширхэг цусан эвэр, 64 кг мансууруулах төрлийн каннабис ургамал, 2.1 тн /ховор ургамлын жагсаалтад орсон/ дэрвэгэр, жирвэгэр, 3 кг /эмийн ургамал/ гоёо, 80 кг хонин арц зэрэг ургамал тээвэрлэсэн зөрчлийг тус тус илрүүлж,  цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “Асап” санд бүртгэгдэн зарлагдсан 5 иргэнийг олж тогтоон, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” хяналт шалгалтыг зохион байгуулан, 21 иргэн, 111 түүхий тарвага тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тус тус хүлээлгэн өгсөн.

“Хотын түлш” ХХК-ий стандартын шаардлага хангахгүй сайжруулсан түлш үйлдвэрлэсэн үйлдэл, дулаан үйлдвэрлэх зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 8 аж ахуйн нэгжийг тогтоож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлэн, 2 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, 6 аж ахуйн нэгжид 18.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан.

Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг баталж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлийн 170 орон тоо, шаардагдах зардлыг шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоолоор хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ердийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтад оруулах, хүрээлэн буй орчны хяналтын алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ, мэдээллээр хангах нэгдмэл чиг үүргийг хариуцсан Экологийн цагдаагийн албыг байгуулсантай холбогдуулан тус албаны бүтэц, орон тоог баталсан.

Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр:

Улсын Их Хурлын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 346 дугаар тогтоолоор “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016-2024 оныг хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан.

Үндэсний хөтөлбөр нь Монгол Улсад гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, тэдэнд төрөөс нийгмийн халамж, туслалцаа дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүлгүүдийн үүрэг оролцоог хангах, үйлчилгээ үзүүлэх болон холбогдох яам, агентлаг, нутгийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Тахарын ерөнхий газрыг татан буулгаж, зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр тушаалаар цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг Эрүүгийн болон Аюулгүй байдал, хамгаалалтын 2 тасагтайгаар байгуулсан.

Тахарын алба татан буугдсанаар “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, байгууллагын чиг үүрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж, Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаар тогтоолоор “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 5.4.2, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хариуцах байгууллага гэсэн хэсгийн “тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг өөрчилж, хэрэгжилтийг хангах, тайлагнах чиг үүргийг цагдаагийн байгууллагад хариуцуулсан.

Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн төв байгууллагын бүтцэд Хар тамхитай тэмцэх газрыг 2018 онд бий болгосон бөгөөд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар Хар тамхитай тэмцэх газарт 46 орон тоог нэмэгдүүлж, шаардагдах зардлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус газрын өргөтгөсөн бүтцийн зураглал, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг хэлэлцэн баталсан.

Тус газрын дэргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, хүүхэд, залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сард “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийг шинээр байгуулан, 35 байгууллагын 384 ажилтан, алба хаагчид 20 удаагийн сургалт, мэдээлэл хийгээд байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 800 орчим зочид, төлөөлөгч оролцсон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулга, уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан.

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гадаад, дотоодын 60 гаруй байгууллагын 400 орчим төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, хурлаас гарсан “Зөвлөмж”-ийн хэрэгжилтийг ханган ажилласан.

Улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шээснээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест, аналитик болон зөөврийн жин, хамгаалалтын сейф, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тандах болон тодорхойлох рентген төхөөрөмж, төсвийн тодотголоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис орж ирэх магадлалтай хил дагуу аймгуудад нэг бүрийн үнэ 31.0 сая төгрөгийн үнэ бүхий 13 УАЗ Пургон автомашин худалдан авч, цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг бэхжүүлсэн.

Гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг худалдан авч борлуулдаг, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж /ломбард/, ченжүүдийг илрүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор “Мөнгө угаах гэмт хэрэг 2018”, маш нууцын зэрэглэлтэй 2 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зохион байгуулсан “Крипто валют: мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” сургалтад 56, Холбооны мөрдөх товчоо, Хар тамхитай тэмцэх байгууллагаас зохион байгуулсан “Авлига, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх нь” сургалтад 32 алба хаагчийг хамруулж, 2019 онд  санхүүгийн 5 шинжээч мөрдөгч ажиллуулах, бүс нутгийн хурал, уулзалтуудад оролцох 120.0 сая, 2020 онд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн орон тоог 30 мөрдөгчөөр нэмэгдүүлэхэд шаардагдах  500.0 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлсэн.

Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх цахим сан”-г хийлгэж, цагдаагийн байгууллагын мэдээллийн системтэй холбосон ба энэ санд цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй гудамж талбай олон нийтийн газар, саун, массаж, караоке, баар буудалд, цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг охид, эмэгтэйчүүд, бусдын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг, биеэ үнэлэхэд татан оролцуулдаг, зуучилдаг 2680 хүний мэдээллээс 60.0 хувь буюу 1608 хүний мэдээллийг оруулаад байна.

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий богино хэмжээ /10 минут/-ний  4 баримтат кино, гэр бүл салалт нь хүн худалдаалах гэмт хэргийн суурь шалтгааны нэг болж буй тухай 2D анимешныг цахим орчинд түгээж, иргэд, олон нийтэд сурталчлах, хийлийн боомт, төмөр зам, автозам, нисэх онгоцны буудлуудаар гарын авлага тараах, байрлуулах, шторк, видео контент нэвтрүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулсан.

Алба хаагчдын мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжингүй орнуудын энэ чиглэлээр хүрсэн түвшинтэй танилцаж арга туршлагаас суралцах, үйл ажиллагаанд шаардлагатай компьютер техник хэрэгсэл, багаж төхөөрөмжийг шийдвэрлүүлэх, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн эрхийг хамгаалах талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2020 онд Монгол Улсад хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн, байгууллагын дотоод холбоо, мэдээллийн нэгдсэн систем болон бэлэн бус торгуулийн системийг цагдаагийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх, гудамж, талбайг камержуулж, иргэдийг гэмт халдлага, зөрчлөөс хамгаалах нөхцөлийг сайжруулах чиглэлээр:

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/, Дотоодын цэргийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэлэлцэгдэн батлагдсан.

Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 8 эрх зүйн актын төсөл, танилцуулгыг боловсруулж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дотоодын цэргийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны Б/28 дугаар тушаалаар Дотоодын цэргийн штабын даргыг томилж, Дотоодын цэргийн үйл ажиллагааг жигдрүүлэн, материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчийг байрлуулах “Цэргийн байр”-ыг улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, ашиглалтад оруулсан.

-Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон суурин газрын гудамж, талбайг камержуулж, иргэдийг гэмт халдлага, зөрчлөөс хамгаалах нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд  стандартын шаардлага хангасан 2016-2019 онд 11464 телехяналтын камер суурилуулан, цагдаагийн байгууллагын телехяналтын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

– Улсын хэмжээнд бэлэн бус торгуулийн системийг бүрэн нэвтрүүлж, бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийн төлөлтийг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сервер болон дагалдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, 312 таблет, 2214 гар утас, 2078 тасалбар хэвлэх принтер худалдан авч, системийг өргөжүүлэн, торгуулийн төлбөрийг КЮ-АР /QR/ код ашиглан “qPay” үйлчилгээ,  www.smartcar.mn систем болон “smartcar” мобайл аппликейшнаар төлөх боломжийг бүрдүүлсэн.

– Цагдаагийн байгууллагын телефон холбооны зардлыг нэмэгдүүлэхгүйгээр алба хаагчид сүүлийн 4 оронгоор хоорондоо үнэгүй утсаар ярих, цахилгаан тэжээлийн саатал гарсан нөхцөлд нөөц цахилгаан үүсгүүрийг ашиглах, албаны шуурхай, бэлэн байдлыг хангах давуу тал бий болгох зорилгоор телефон холбоог 7019хххх нэгдсэн дугаарлалтад шилжүүлэх ажлыг 2017 оноос эхлүүлж, 2019 оны жилийн эцсийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн 74 анги, байгууллага, нийслэлийн 94 хорооны хэсгийн байцаагч, 83 сумын төлөөлөгч, нийт 1068 хэрэглэгчийг нэгдсэн дугаарт шилжүүллээ.

– Олон улсад эрэн сурвалжилж буй иргэний мэдээллийн бүртгэлийн систем болох ИНТЕРПОЛ-ийн мэдээллийн системийг “ISM” системтэй холбох ажлын хүрээнд Интерполын мэдээллийн сүлжээнд шууд хандалт хийж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээд, сураггүй алга болсон хүн, хулгайлагдсан, гээгдсэн зорчих баримт бичиг буюу паспортын мэдээлэлтэй танилцах эрхийг Хил хамгаалах ерөнхий газарт олгож, Төрийн мэдээлэл, холбооны газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хооронд харилцан мэдээлэл солилцох сүлжээний нууцлалтай дэд бүтцийг 2018 онд бий болгосон.

 

Цагдаа иргэдтэйгээ хамтарч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, цагдаагийн төв байгууллагын бүтцэд гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, үр дүн тооцох, олон нийтийн оролцоог хангах, сайн туршлага, шинэлэг санаачлагыг нэвтрүүлэх үүрэг бүхий Урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулсан.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах,  гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” чиг үүрэг бүхий нэгжийг байгуулан ажиллуулж эхэллээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны  62 дугаар тогтоолоор “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрүүдийг батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

“Гэмт хэргийн хяналтын цогц систем” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийх, мэдээлэл нэгтгэн боловсруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий нэгдсэн хяналтын “Удирдлагын төв”-ийг байгуулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Телекамер дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийн идэвх санаачилгад суурилсан камержуулах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Камержуулалт аян” болзолт уралдааныг 2 сарын хугацаатай зохион байгуулж, нийслэлийн 15 хороо, Сууц өмчлөгчдийн 102 холбоо, хөршийн хяналтын      15 бүлэг, 108 иргэн оролцож, орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534.431.328 төгрөгийн өртөг бүхий 2211 камер шинээр суурилуулсан.

 

Цагдаагийн байгууллагаас 2019 онд  Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа сэрдэгдсэн, оргодол этгээдүүдийг олж тогтоох зорилгоор “Сар шинэ 2019”, “Автомашин-2019”, “Сураггүй алга болсон хүн-2019“, “Хяналт”, “Гадаад”, “Цэвэрлэгээ”, “Агуулах”, “Нуугдмал”, “Шалгалт-1, 2, 3, 4”, “ТОР сүлжээ” “Тусгай сан”, “Төвлөрөл”, “Хяналт шалгалт-2019”, “Бооцоо”, “Бүлэг-2019”, “Бүлэг-2”, “Тэсрэх бодис-2019”, “Тулгалт-2019”, “Санхүүжилт”, “Нийгэмлэг”, “Мөнгө угаалт, хяналт”, “Судалгаа”, “Засварчин”, “Бүртгэл-Хяналт 2”, “Улсын дугаар 2019”, “Хөдөө-1”, “Цоож”, “Нуугдмал”, “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2019”, “Зэвсэг” зэрэг нийт 33 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улс, нийслэлийн хэмжээнд зохион явуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор  “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан.

 

“Нэг хором” аян нь Эстони Улсын Таллин хотод зохион байгуулагдаж буй JCI байгууллагын 2019 оны дэлхийн чуулганд 200 гаруй орны шилдгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдээс шилдэг гуравт, “Яараад яахав дээ” аян нь Unplug-ийн нэг хэсэг болох “Unread Awards 2019” шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарсан.

 

 

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах арга хэмжээ тусгагдаагүй, 2018 онд 4, 2019 онд 2 арга хэмжээ тусгагдсан бөгөөд 2018, 2019 онуудад арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг зорилтот түвшин, үр дүнд хүргэж, биелэлтийг хангасан.

2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг бариулж, гадна гэрэлтүүлэг суурилан, хурд хэмжигч, согтуурлын зэрэг тогтоогч багаж хэрэгсэл хангаж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн орон нутгийн замын хяналтыг сайжруулсан.

Дээрх хяналтын постуудыг ажиллуулснаар орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гарахын зэрэгцээ хулгайн мал, мах, түүхий эд, хориотой ан агнуурын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөл болох каннабис нь манай улсын 14 аймгийн 49 сумын 15000 га талбайг хамран ургаж байгаа ба жил бүр устгах ажлыг зохион байгуулж,  улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шээснээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест, аналитик болон зөөврийн жин, хамгаалалтын сейф , мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тандах болон тодорхойлох рентген төхөөрөмж худалдан авч, үйл ажиллагаанд ашигласан.

Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд гадаад улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, биеэ үнэлж байсан 23 эмэгтэйг Гадаад харилцааны яамны Консулын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний газартай хамтран эх оронд буцааж ирүүлэх ажлыг зохион байгуулж, садар самууныг сурталчлах, биеэ үнэлэхэд бусдыг зуучлах, зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй заруудыг олон нийтэд хүргэж байсан 4 тусгай дугаар, 6 сайтын домайн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлуулж, 3 тусгай дугаарыг хаалгасан.

Бэлэн бус торгуулийн системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлж, бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийг төлөх үйл ажиллагааг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сервер болон дагалдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, 312 таблет, 2214 гар утас, 2078 тасалбар хэвлэх принтер худалдан авч системийг өргөжүүлж, торгуулийн төлбөрийг КЮ-АР /QR/ код ашиглан “qPay” үйлчилгээ,  www.smartcar.mn систем болон “smartcar” мобайл аппликейшнаар төлөх боломжийг бүрдүүлсэн.

Гэрч, хохирогчийг хамгаалах, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан биечилсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд цагдаагийн алба хаагчаас баримтлах үйл ажиллагааны горимыг зохицуулсан “Биечилсэн хамгаалалтын заавар”-ыг баталж, мөрдүүлсэн.

2019 онд Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, эмзэг цэгийг цагдаагийн байгууллагын хяналтад авах зорилгоор улсын төсвийн 2.05 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 4 дүүргийн 8 хороо, 21 аймгийн 74 суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн 7.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нутаг дэвсгэрийн эмзэг цэгүүдэд хяналтын камер суурилуулах ажлыг холбогдох байгууллагуудаар гүйцэтгүүлсэн.

Дотоодын цэргийн үйл ажиллагааг жигдрүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байранд соёл амралтын танхим,   эд аж ахуйн, ариун цэврийн, ажлын, зэвсгийн, хувцас хэрэглэлийн, унтлагын 12 өрөө бүхий зоорьтой, 3 давхар, 2520 метр квадрат хугацаат цэргийн алба хаагчийг байрлуулах “Цэргийн байр”-ыг энэ 12 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэмжлэгтэйгээр террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй “Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар”-ын алба хаагчдад ашиглуулахад зориулан Израйль Улсын Засгийн газраас тус улсад үйлдвэрлэсэн IWI “X95 Tavor” загварын карабин, “BA8000-02” загварын сум үл нэвтрэх хантааз зэрэг зэвсэг, тусгай хэрэгслийг хүлээн авч, албанд ашиглаж байна.

Улсын онц чухал обьектын хамгаалалтын байгууламжийн инженер техникийн хэрэгслийг сайжруулах чиглэлээр хамгаалуулагч байгууллагатай хамтран шинээр харуулын цэгийн байр 7, тэмдэг, тэмдэглэгээ 811, энгэрийн 10, автомашины 133, хяналтын камер 129, харуулын цэгийн 86 байрны засвар тохижилт, стандартын дагуу байвал зохих эд зүйлс, шалган нэвтрүүлэх байрны тоног төхөөрөмж 1, био болон нүхэн жорлон 4, цахилгаан халаагуур /тень/ 22, автомашин шалгах автомат хаалт 2 ширхэг, хамгаалалтын өргөст тор, бетонон хашаа зэрэг нийт 355.5 сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн, обьектын болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангасан.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР