Сагсанбөмбөгийн домогт тоглогч Коби Брайнт дөнгөж 41 насандаа харамсалтайгаар таалал төгссөн таагүй мэдээг дуулгаж байна. Майкл Жорданы домгийг сонсож, Коби Брайнтын тоглолтыг үзэж өссөн, өдгөө Леброны тоглолтыг үзсээр байгаа азтай олон залуус бий. Тэгвэл Лос Анжелес Лейкерс багтаа 20 улирал тоглож, түүх бүтээсэн алдарт тоглогч маань Ням гарагийн өглөө ослоор амиа алджээ. 41 настай Коби болон 13 настай охин Жианна нар энэхүү нисдэг тэрэгний ослоор нас барсан тухай мэдээллийг эх сурвалж өгч байна.

Албаны хүмүүсийн хэлснээр Лос Анжелес хотын Калабасас орчимд осолдсон нисдэг тэргэн дотор 8 зорчигч, 1 нисгэгч, нийлээд 9 хүн зорчиж явжээ. Ослоос амьд хүн үлдээгүй байна. Ослын шалтгааныг одоогоор тодруулаагүй байгаа бөгөөд энэ өглөө маш их манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбоотой байж болзошгүй байна. Болсон явдалтай холбогдуулан зөвхөн Америкийн спортын ертөнц бус, бусад салбарынхан ч гүн эмгэнэл илэрхийлж байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “Коби талбай дээр болон талбайн гадна утгаараа домог байж чадсан. Эцэг эх хүний хувьд энэ аймшигтай явдлын улмаас Жианна охинтойгоо цуг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь бүр ч харамсалтай. Мишель бид хоёрын зүгээс Брайнтын гэр бүлийнхэн, Кобигийн хань Ванессад гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Дугаар 24 ба 8 үүрд тайван нойрс доо…

Бэлтгэсэн: Д.Жаргалсайхан