БНХАУ-ын Ухань хотод докторын зэрэг горилон суралцаж буй залуу судлаачийнхаа хувьд одоо байгаа нөхцөл байдлыг дүгнэж, энд хөл хоригдоод байгаа 31 оюутан 1 бага насны хүүхдийн талаарх бодит мэдээллийг та бүхэнд хүргэе хэмээн шийдлээ.

Азийн Чикаго хэмээн нэрлэгддэг төв Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв Ухань хот нь 11 сая хүн амтай Хятадын 7 дахь том метрополитан хот юм.
Аюулт өвчин гарахаас ази тивийн хамгийн өндөр барилга энэ хотод баригдаж, дэлхий дээр анх удаа агаар дээр зам тавьж, шинжлэх ухааны, технологийн шинэ нээлтүүдээрээ алдар нэрээ дэлхийд цуурайтуулж байлаа.
2018 онд оюутан суралцахад хамгийн ээлтэй дэлхийн шилдэг 100 хотын нэг болж, Азид тивдээ болоод дэлхийд ранкаараа дээгүүр өрсөлддөг шилдэг том сургуулиудад Монгол оюутнууд олноор суралцаж, бүх зүйл амар амгалан сайхан байлаа.
Гэтэл 2020 оны 1-р сараас эхлэн хотод аймшигт өвчин тархаж буй тухай мэдээ явж, сүүлийн 7 хоногт тархалт нь улам эрчимжсэнээр 1-р сарын сүүл гэхэд Уханы эмнэлэгт өвчтөнүүд багтахаа байж, өвчин туссан хүмүүс арга ядан үхлээ хүлээн хэвтэж, диваажин мэт байсан газар амьдын там болжээ.
Одоо Мянган нуурын хот гэдгээрээ алдартай Уханаас хүн бүр эрүүл байгаа дээрээ явахыг хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотод Монгол улсын иргэн 31 оюутан, 1 бага насны хүүхэд хөл хоригдоод байгаа ба тэд ямар нэгэн халдварт өвчин тусаагүй, бүгд эрүүл саруул тус тусынхаа сургуулийн гадаад оюутны дотуур байранд байна.
Оюутнууд өдөр бүр сургуулийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, биеийн байдлаа тогтмол хянуулж байна.
Хувийн ариун цэврээ сайтар сахиж, хагас цаг тутам гараа савандан угааж, амьсгалахад төвөгтэй ч байнга зориулалтын маск (амны хаалт) зүүж, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэж, амьдарч буй гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байна.
Богинохон хугацаанд нөөцлөн авсан ундны ус, хүнс нь дуусах дөхөж байгаа ч аюулгүйн зааварчилгааг дагаж, өвчин тусах өндөр эрсдэл гаргахгүйн тулд дотуур байрнаасаа гадагш огт гаралгүй өөр өөрсдийн амь заяаг сахин хамгаалж байна.

Хүмүүс цахим сүлжээгээр эдгээр оюутныг Ухань хотод ийм аюултай нөхцөл байдал үүсэж, өвчлөл хүндрэхээс өмнө яагаад Монгол руугаа буцаж ирж болоогүй юм бэ гэж их асууж байна

-Ухань хотод Монгол улсын 250 орчим оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын түвшинд суралцдаг ба өнөөдөр Ухань хотод байгаа 31 оюутнуудаас хэлний бэлтгэл, бакалаврт суралцдаг оюутнуудын хувьд хичээл нь 2020.01.17 нд амарсан.
Доктор, мастерын судалгаа хийж байгаа зарим оюутнуудын хувьд өвлийн амралтаас өмнө өөрсдийн удирдагч багштайгаа уулзан, судалгааны ажлын явцаа үзүүлж, шалгуулсаар 1 сарын 20 ны хавьцаа өвлийн амралт нь эхэлсэн.
Мөн хичээлийн ачаалал бусад зүйлсээс шалтгаалж гадаадад сурдаг олон оюутан өвлийн амралтын хугацаанд нутагруугаа буцаж чадалгүй дотуур байрандаа хичээлээ хийгээд үлддэг.
1 сарын 25- наас эхлэн Хятадын цагаан сар 5 хоног үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр олон сая Хятадууд нэг хотоос нөгөө хот руу, нэг тосгоноос нөгөө тосгонруу шилжилт хөдөлгөөн хийдэг.
1 сарын 15 наас 1 сарын 30 ны хооронд буюу Хятадын цагаан сарын ид ачааллын үеэр бүх Хятад даяар онгоц, галт тэрэг, автобус, усан онгоц гэх мэт бүх төрлийн нийтийн тээврийн тасалбар дуусч, хүрэлцээгүй болдог.
Энэ үеэр эртнээс төлөвлөж байгаад тасалбараа урьдчилан захиалъя гэвч аль 3-н сарын өмнөөс ихэнх тасалбарууд дууссан байдаг.
Тиймээс яг одоо Уханьд байгаа оюутнуудын ихэнхи нь Уханаас Монгол буцах онгоц, галт тэрэгний тасалбараа Хятадын цагаан сарын хөл хөдөлгөөнөөс шалтгаалж 2020.01.30- наас хойш захиалсан байсан оюутнууд юм.
Мөн 2020.01.20 ныг хүртэл Хятадын телевиз, хэвлэлүүдээр “уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирус нь зөвхөн анхны үүсгэгч амьтнаасаа ойртон хавьтсан хүнд халдварладаг тул өвчин илэрсэн аюултай газраар зорчихгүй байхад халдварлах аюул бага” гэж мэдээлж байв.
Тиймээс зөвхөн эдгээр оюутнууд ч гэлтгүй дэлхий нийтээрээ энэхүү аюулт өвчний бодит аюул заналыг багаар төсөөлж, нөхцөл байдлыг дутуугаар үнэлж байсныг санах хэрэгтэй.
Гэтэл 2020.01.19 ноос эхлэн хэдхэн өдрийн дотор өвчний халдварын тархац хэдэн зуугаар огцом нэмэгдэж, нас барагсдын тоо өдрөөс өдөрт өссөөр байна.
2020.01.22 ны өглөө 10 цагт Ухань хотод урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хөл хорио тогтоов.
11 сая хүн онц байдалд цэрэг армийн хяналтан дор, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй хорионд орж, хот тэр чигтээ айдас түгшүүрт автаад байна.

Уханьд амарч, аялж, зугаалж яваад биш эрдмийн зэрэг горилон, эх орондоо хэрэгтэй шинэ мэдлэг, шилдэг технологи эзэмшихийн тулд суралцаж байгаад, урьдчилан таамаглах боломжгүйгээр хүний нутагт хөл хорионд орсон 31 оюутан ч, ой 6 сартай бяцхан хүү ч та бүхэнтэй ижил Үндсэн Хуулиар өөрийн амьд явах эрхээ хамгаалуулсан Монгол улсын иргэн.

Гэтэл зарим иргэдийн зүгээс фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал орчинд
“энэ оюутнуудыг тэнд нь үхүүл, Монголчууд бид цөөхүүлээ, Өвчин туссан энэ оюутнууд өвчин аваад ирвэл бид эмчилж дийлэхгүй, 3 сая хүний амийг 30 оюутнаар сольж болохгүй, тэндээ тэгээд үхвэл таарна” гэх мэтээр сөрөг хандлага гаргаж байгаад туйлаас их харамсаж байна.
Ухань хотод нөхцөл байдал цаашид улам хүндрэх төлөвтөй байгаа тул Солонгос, Польш, Франц, Нигер, АНУ, Герман, Тайланд, Вьетнам зэрэг дэлхийн 30 гаруй улс өөрийн улсын иргэдийг Ухань хотоос яаралтай шилжүүлэн авахаар Хятадын засгийн газартай яаралтай яриа хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байна.
Эх орон, Монгол Улсын Засгийн газар маань ч аюулт өвчний голомтот бүст байгаа өөрийн улсын эрүүл иргэдээ яаралтай шилжүүлэн авчиръя гэсэн шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан.
Хятад улсын тал ч эдгээр Монгол улсын 32 иргэнд короно вирусын шинжилгээ хийгээд хэрэв эрүүл бол Ухань хотоос гаргаж шилжүүлэн явуулахад асуудалгүй гэж хариу өглөө.
Монгол улсын эрүүл мэндийн яам эдгээр 32 иргэнийг Монголдоо шилжүүлэн авч ирвэл олон улсын жишгийн дагуу тусгаарлаж, халдварт өвчний далд үе илэртэл 14 хоногийн хугацаанд хяналтандаа байлгаж, бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдсэн. Халдварт өвчин тусаагүй, эрүүл гэдэг нь Японоос өнөөдөр авчирсан шинэ төхөөрөмжөөр оношлоод корона вирусийн халдвар аваагүй, эрүүл гэдэг нь нотлогдвол оюутнуудыг ар гэрт нь хариулах нь зөв.
Гэтэл маш олон хүмүүсийн цахим ертөнцөд хэлж, бичиж байгаагаар эдгээр 32 иргэн нь хүн ам цөөн, хөгжил буурай, ядуу Монгол улсын иргэн болж төрсөн учир өвчний голомтонд эрүүл биеэ хамгаалан байсан ч эх орон Монголдоо буцаж ирэх эрхгүй гэж хэлж байна.
Учир нь тэдгээр бичигчид зөвхөн амин хувиа бодож, өөрсдөө өвчин тусахаас үхтэл айж байна. Энэ хандлага зөв үү?
Уг нь аливаа улс гадаад улсад нас барсан иргэнийхээ шарилыг ч орхилгүй эх орондоо тээвэрлэн авчирч хүн ёсоор нутаглуулдаг нь хорвоогийн энэрэх ёсны жам биш гэж үү?
Хэрэв эдгээр оюутнууд Ухань хотод үлдвэл эхний ээлжинд тэдний ундны ус, хоол хүнс дуусна.
Аргагүйн эрхэнд тэд гадуур гарч дэлгүүр хоршоо хайж, хоол хүнсээ цуглуулж эхэлнэ. Энэ нь маш өндөр эрсдэлтэй. Ингэснээр тэд хөнөөлт өвчний вирусийн халдвар авах магадлалтай. Магадгүй зарим нь Монголдоо хэзээ ч буцаж чадахгүй, гэр бүлийнхэнтэйгээ хэзээ ч уулзаж чадахгүй…
Тиймээс Монгол ахан дүүс, анд найзууд минь хэрсүү оюундаа ахин нэг тунгаан бодож үзээрэй.
Сөрөг хандлага битгий гаргаарай.
Халдвар авахаас сэргийлж өдөржин өрөөндөө өөрийгөө тусгаарлаж, сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа эдгээр оюутан хүүхдүүд рүү “наанаа үлдээд үх, битгий Монголд эргэж ирээрэй, дурандаа хятад явчихаад өвчин авчрах гэлээ п…да чинь. Бид цөөхөн ард түмэн чамаар дутахгүй” гэх мэтээр битгий ахин дайрч доромжлоорой хэмээн хүсье.
Энд надтай цуг байгаа оюутан хүүхдүүдийн ихэнхи нь сурагчийн ширээнээс амьдралд дөнгөж хөл тавьчихаад буй, хувь амьдралаа ч эхлүүлж амжаагүй байгаа бидний Монголын ирээдүй нар юм шүү.
Эцэст нь дахин хэлье, Уханьд байгаа 32 оюутан бүгд эрүүл саруул бөгөөд эдгээр өдрүүдэд өөрсдийгөө чадах бүхнээрээ хамгаалж байна.

Оюутнуудтай хамтран ажиллаж тусалж дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад Харилцааны яам, Эрүүл Мэндийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Консулын газар, БХНМОХ, УМОХ-д хамт олонд талархсанаа илэрхийлье.
Бид бүхнийг дэмжиж байгаа бүх хүнд талархая.

Төв хятадын багшийн их сургуулийн докторант, судлаач А.Золбоо
БНХАУ-ын Хүбэй муж, Ухань хот.
2020.01.27

(2019.01.14 ны өдрийн зураг ашигласан болно.)