Энэ тэгээд тэнгэр заяат МОНГОЛ уу?

Монголын өнөөдрийн дүр зураг, үнэн байдал. Харж авцгаа. Ханатлаа инээ, шоол. Хажуудахдаа шивнэ. Орк малаар нь дууд. Огт хамааралгүй юм шиг муул. Гэхдээ юу гээч?

Өнөөдөр лангуу хоосолж, маргааш эмийн сан дээрэмдэж, нөгөөдөр айл гэр рүү дайрахад бэлэн яг ийм хүмүүс л улс орон, гэр бүл, баг хамт олноо татаж унагаадаг. Тэгээд хамтдаа ангал руу ойчдог. Ганцаараа, цөөхүүлээ боловсон, гэгээрсэн, эрүүлжсэн, эрхэмсэг, эрдэмлэг байгаад ямар ч нэмэргүй, яагаад ч урагшлахгүй гэдгийг ойлго.

Тэр алдарт, аймшигт коронавирус гэдэг чинь бидний цөөхөн монголчуудын тархинд байна. Нэгэнт иймдээ тулж, ингэтлээ оюун сэтгэхүйн доройтолд орсон нь үнэн юм чинь одоо зохиомол хомсдол, зориудын хямралаас гарах арга бол төрийн холбогдох байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн байдлыг өөрчлөх идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлмээр байна.

ЭМЯ, Мэргэжлийн хяналтынхан, ХХААЯ-наас зах, томоохон үйлчилгээний газруудаар амны хаалт тарааж, энэ вирусын талаарх энгийн ойлголтуудыг хялбар, ойлгомжтой хэвлэн хүн бүрт хүргэмээр байна. Сонин уншихгүй, ТВ мэдээ үзэхгүй, ам сургаар, хов жив цуурхлаар амьдардаг бүхэл бүтэн давхаргынханд даацтай үнэн мэдээллийг өөрөөр хүргэх аргагүй.

Дээр нь талх, гурил, нарийн боов үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхэн урьд онуудын адил бүтэн жилийн нөөц базааснаа дуулгаж мэдэгдэл хийж, түүнийгээ бүтээгдэхүүн болгон дээрээ наадаг юм уу, яадаг юм. Засгийн газар ч бас хил дээр ямар хязгаарлалт хийсэн, үүнд зорчигчид хэрхэн хамаарах, эд бараа, ачааны чингэлэг ямар байдлаар энэ хорионд хамрагдаж буйг тодорхой тайлбарламаар байна. Гэхдээ юу гээч? Энэ эх орноо татаж унагааж, эдийн засгаа эрсдэлд оруулж байгаа уншдаггүй, сонсдоггүй хэсгийнхэндээ ойлгогдох хамгийн энгийн хэлийг ашиглаж, зургаар ч болсон үзүүлмээр байна. Хамгийн энгийн тархинд ч хангалттай мессэж өгмөөр байна. Ийм төвшинд энэ улсын боловсрол, мэдлэг, сэтгэхүй уналтанд орсныг эрх мэдэлтнүүд, эрдэмтэд, сайд дарга нар өөрсдөө бас харж авцгаа. Зусланд амьдарна гээд дүрвэж яваа бүсгүй, зуны амбаартаа хүнс нөөцөлж буй төрийн албан хаагч, хөдөөнөөс үр хүүхэд рүүгээ мөч тутам утасдаж, мөдхөн ажил сургуулиа хаяад ир гэж хашгирч байгаа ээж, үс ноос вирус тээдэг гээд үрийнхээ хайртай нохойг гарган хаяж байгаа өвөө…энэ тэгээд тэнгэр заяат МОНГОЛ юм уу?

Амны хаалт байнга зүүж, ариутгагч цэвэрлэгээндээ хэрэглэж, шаардлагагүй бол орж гарах, олон нийтийн газраар сэлгүүцэхээ болиход л хангалттай сэргийлж чадна гэдгийг зүгээр л хашгиралгүйгээр хэлээд өгөөч! Төртэй улс байна даа, төрдөө итгэмээр байна, түгээлтэй шуурхай ажиллаад өгөөч дээ. Улсаа сөхрүүлэхээс өмнө учрыг таниулна уу, баярлалаа.