Монголын хүүхдийн боловсролын хүрээлэн, Хөгжлийн төлөөх судалгааны төв хамтран 2020.01.25-нд хүмүүжлийн эерэг аргын цогц сургалтыг “Эцэг эх байх гоё” уриатайгаар амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын “Эерэг Хүмүүжлийн Аргачлалын Холбоо” (Positive Discipline Association)-ны боловсруулсан сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан.

Ингэхдээ сургалтын хөтөлбөрийг монгол аав, ээжүүдийн онцлогт тохируулж үндэсний зан заншил, хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт арга барилд тохируулан бэлтгэж, дадлага давамгайлсан хэлбэрээр эцэг эхчүүдэд зааснаараа онцлог байв.

Сургалтад 6 сартай хүүхдээс эхлээд өсвөр насны хүүхдүүдтэй аав, ээжүүд ирж оролцсон нь энэ сэдвийн хүрээнд эцэг эхчүүд илүү ихийг сурч мэдэх хүсэл эрмэлмэлзэлтэй байгааг харуулж байв.

Сургалтад оролцогч эцэг эхчүүд “Энэхүү сургалтаас хүүхэд бүрийн нас, бие, сэтгэхүй гэх мэт хүүхдийн хувийн онцлогт нь тохирсон хүмүүжлийн олон аргуудаас ээж, аавууд суралцаж, хүүхдээ эерэг, зөв хүмүүжилтэй, сайн хүн болгож өсгөхөд бүх боломжоо дайчлах хэрэгтэйг ойлгож авлаа” хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байлаа.

Сургалтын төгсгөлд “Цаашид Монголын хүүхдийн боловсролын хүрээлэн хүмүүжлийн эерэг аргын цогц сургалтыг төрөлжүүлж, 0-3 настай, сургуулийн өмнөх насны, өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүдэд болон ганц бие эцэг, эхчүүдэд зориулсан сургалтуудыг албан ёсны эрхтэйгээр заахаас гадна сургуулийн өмнөх боловсролын байгууллага, бага ангийн боловсрол олгох байгууллагын багш, ажилчдад зориулсан сургалтуудыг ч олон улсын арга техник, стандартад нийцсэн арга зүйгээр заахаар төлөвлөж байна” хэмээн Positive Discipline Association-ны албан ёсны эрхтэй сургагч багш М.Оюунболор онцоллоо.