Энэ долоо хоногт Монгол Улсын парламентын ёсонд шинэ МУУ жишиг тогтох гэж байна.

Өөрөөр хэлбэл,Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг. Тодруулбал, өнгөрсөн жил Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хууль баталсан. Үүний үр дүнд 2019 оны авилгын индекс өсөж Монгол улс 106-р байранд орсон. 2018 онд 93-р байранд жагсаж байсан нь 2019 онд ийнхүү хойш татахад хүргэсэн гэж хэлж болно.

Үүний хамгийн анхны тохиолдол нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болж магадгүй боллоо. Тэр өөрийн үзэл бодлыг шүүлтүүргүй хэлчихдэг цөөхөн хүний нэг. Хэрвээ Н.Номтойбайр ба үг сөрдөг гишүүдийг явуулаад байвал Монгол Улсын ардчилсан ёсонд шинээр бий болох хортой үзэгдэл болно. Энд дээрх хэргүүдийн хор уршгийг ярих гэсэнгүй, дүгнэх гээгүй. Хүний амь, Төрийн сан мэдээж бүрэн бүтэн байх ёстой.Гэхдээ нөгөө талд ийм халдашгүй, хамгаалалтад байдаг зүйлд халдсан хэмээн хүнийг нотолгоогүй буруутгах нь бас л ноцтой асуудал шүү.

2020 оны сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөл парламентад орж ирэх магадлал өндөр байгаа ба шинээр сонгогдсон гишүүдийг АН-ын дарга С.Эрдэнийн хэлдгээр “Бүлдэгдэх” аргын эхлэл ингэж тавигдаж болох юм.

ЖДҮ болон бусад сангаас зээл тусламж авсан гишүүд эхнээсээ гэм буруугаа хүлээгээд байгаа. Хэрвээ Н.Номтойбаярыг “бүлдэгдэх” юм бол бусад гишүүдээ ч гэсэн яг энэ аргаараа “бүлдэгдэх” боломжтой болж байгаа юм.

Нэгнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм хэрээ хэрээнийхээ харыг гайхалгүйгээр бүгдийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлье.

Харин ганц нэгээр нь ингэж намнах бодлого баримтлах нь хэр зөв бэ? Бодох л асуудал…

Т.Энхриймаа