Хятад улсын бүх муж, нутаг дэвсгэрт Коронавирусын халдварын тохиолдол баталгаажиж, өвчний халдвар тархаагүй нутаг үлдсэнгүй. Орон нутгийн цагаар өнөө өглөө Төвдөд халдвар илэрснээр эх газрын Хятад улсын бүх нутаг дэвсгэрт Коронавирус тархаж, халдварын тохиолдлын тоогоороо л өөр хоорондоо ялгагдаж байна. Амь насаа алдсан хүний тоо ч 213 болж, сүүлийн нэг өдрийн дотор 2000 шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан халдвартай хүний тоо 10,000-д дөхөж ирээд байна.

АНУ нь ард иргэдээ Хятад улс руу зорчихгүй байхыг уриалж, 4 дүгээр төвшний аюулгүй байдлын эрсдэлийн журмаар ажиллаж байна. Төрийн департаментаас иргэдийг Хятад руу зорчихгүй байх уриалга гаргасан. 4 дүгээр төвшин гэдэг нь хамгийн өндөр аюултай эрсдэлийн үед ашиглагддаг нэр томьёо юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас коронавирусыг дэлхийн хэмжээнд тулгамдсан эрүүл мэндийн онц аюултай үзэгдэл хэмээн үзэж, онц байдал зарласан. Уг шийдвэр гарснаар НҮБ-ын гишүүн орнууд нь хилээ хаах, нислэгүүдийг цуцлах, бусад арга хэмжээнүүдийг бие даан гаргах, шийдэх хууль эрхзүйн үндэслэл үүсч байна.

Итали улс нь Хятад руу болон тус улсаас ирэх бүх нислэгүүдийг цуцалж, нислэг үйлдэхгүй байх шийдвэр гаргажээ. Үүнтэй зэрэгцэн Итали улсад коронавирусын халдвар гарсан нь баталгаажиж, түгшүүр төрүүлээд байна.

ОХУ нь Хятад улстай хиллэдэг 25 хилийн шалган нэвтрүүлэх цэгийн 16-г нь хааж, Хятад улсаас халдварыг нэвтрүүлэхгүй байх талаас нь онцгой анхаарал тавин ажиллаж байна. Мөн Оросын иргэдийг Хятад улс руу зорчих аяллаа цуцлах, хойшлуулахыг анхааруулж, Хятадын иргэдэд олгодог цахим виз буюу E-Visa үйлчилгээг цуцаллаа. Одоогоор ОХУ-д коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан