“Хүүе Ариунаа, хүүхэдтэй хүн гээд чам руу хүн тоож бичиж байх юм уу?” гэсэн асуултаар нэгэн оройг угтлаа. Угтаа бол гэртээ юмаа хийгээд сууж байхад халамцан суугаа “найзархуу” нэгэн эмэгтэй 5 минут ч болтугай гараад ир л дээ, яасан их зантай юм гээд үг шидээд байхаар нь очсон нь тэр. За тэгээд энэ асуултын хариуг бодож үзлээ, ядаж байхад нөгөөдүүл нь тоогоод бичээд байх юмаа, “хөөрхий” эмэгтэйг. Тэгээд хэллээ, “яана тувтан бичээд байдаг шдээ, тийм хүнд тоогдоод байхааргүй нийгмийн статус юм уу?” гээд сөргүүлээд асуув. Энэ удаад түүнд хэлэх үг олдсонгүй. Магад бага зэрэг халамцсан байсан тэрээр дотроо бодож явснаа шүүлтүүргүй шууд гаргачихсан нь тэр биз.
Манайд ч яахав угаасаа хүүхэдтэйгээ үлдсэн ганц бие аавыг хамгийн сайн хүн мэтээр бичиж, хүүхэдтэйгээ үлдсэн ганц бие эмэгтэйг нөхрөө тогтоож чадаагүй, энэ ингээд хэн ч тоохгүй өнгөрсөн хорвоо гэсэн ангилал руу автоматаар чихдэг нь нууц биш. Бүгд тэгдэг гээгүй шүү, ер нь хандлага нь тийм байдгаа л гэж байна /Ингэж дундуур нь тайлбар хийхгүй бол яг зүсээд ороод ирэх нэгэн байж л байгаа хэхэ/.
Дараа нь яагаад тэгдэг юм бол гэж бодлоо. Хүүхдээ ганцаараа өсгөж байгаа хүнийг хэн ч дээрэлхэж болно гэж боддог болохоор уу, үгүй. Зүгээр л манайхны дунд ганц бие, өрх толгойлсон эцэг эсвэл эх гэсэн нэрийг зүүсэн л бол хэн наашаа гэсэнтэй нь л энэ сууж таараа, ивий минь гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэтэл яг яс юман дээрээ амьдралд нэг алдаад үзчихсэн хүмүүс харин ч хашир болсон байдаг.
Яг бодит байдлыг хэлэх үү? Ганц бие, хүүхэдтэй эмэгтэй рүү харин ч сэтгэл тээж ханддаг нь их байдаг юм. Яахав, хааяа нэг мэдрэл муутай гарууд таарна л даа. Тэрийг эс тоовол амьдрал болгочих юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүс ихэвчлэн ханддаг. Хүн тоохгүй байгаадаа хүнтэй суухгүй байгаа юм биш. Өөртөө эхнэр, нөхөр биш, хүүхдэдээ давхар сайн ээж, эсвэл сайн аав болох хүнийг сонгох үүрэгтэй болсон хүмүүс учраас юу юугүй нийлчихдэггүй юм.
Ганц бие, хүүхэдтэй хүнээр бахархах хэрэгтэй. Хоёр хүний ачааг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс тэд. Мэдээж өөрийн шийдвэрээр, эсвэл бусдын нөлөөгөөр тийм нэр зүүсэн хэдий ч тэд хоёр дахин илүү хариуцлагатай байх, хоёр дахин илүү их мөнгө олох, хоёр дахин илүү их анхаарал тавих, хоёр дахин илүү их хайраар хүүхдээ хайрлах шаардлагатай болсон үүрэгтэй хүмүүс учраас битгий өнгөц дүгнэж, тэднийг чичлээсэй гэж хүсч байна. Би нэг их өөрөө хүүхэдтэй ганц бие эмэгтэй гэсэн статустай болохоороо ингээд бачуураад байгаа юм биш л дээ. Зүгээр гадаад дотоодод мэргэжил эзэмшиж байгаа, “боловсорсон” гэсэн нийгмийн статустай залуусын дундаас тийм яриа гарч чадаж байгаа юм чинь нөгөөдүүл нь юу гэж боддог юм бол доо хэмээн тэнд 5 биш 20 минут суугаад, хүүхэд рүүгээ харихгүй бол болохгүй гэсэн шалтаг хэлээд гарч ирэхдээ жуумалзанхан бодож зогслоо.
Яг яс юман дээрээ хүүхэд нь том болчихсон аятайхан хүнтэй суучих юмсан гэсэн хүмүүс маш их болчихсон байна лээ шүү. Би гэр бүл салалтыг дэмжсэнгүй. Харин нэгэнт салсан, хүүхэдтэйгээ үлдсэн эрэгтэй, эмэгтэйд тэр байдалдаа гутраад байх юм байхгүй ээ, харин ч давуу тал гэж хар гэж хэлэх гэсэн юм. Всё!

Нийтлэлч Ц.Ариунаа