92 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах наадам амжилттай зохион байгуулагдсан. Энэ үдшийн хамгийн хамгийнаас та бүхэнд багцлан хүргэж байна.

📣 БРЭД ПИТТ ЖҮЖИГЧНИЙ ХУВИАР АНХ УДАА ОСКАР ХҮРТЛЭЭ

Холливудын нэрт жүжигчин, олон ч мундаг кинонд гол болон туслах дүрүүд бүтээсэн Брэд Питт өнөөг хүртэл Оскар хүртэж амжаагүй явсан юм. Тэрбээр “Намрын домог”, “Fight Club”, ”Seven”, ”Babel”, ”Бенжамин Баттоны хачирхалтай түүх”, “Inglourious Basterds”, “The Tree of Life”, “Moneyball” зэрэг олон алдартай кинонд гол дүр бүтээснээс гадна шилдэг туслах дүрүүдээрээ ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон нэгэн. Тэгвэл энэ жил “Once Upon a Time in Hollywood” буюу “Эрт урьдын цагт Холливудад” кинонд бүтээсэн дүрээрээ Аль Пачино, Жо Пешши, Том Хэнкс, Энтони Хопкинс зэрэг томчуудтай өрсөлдөж, шилдэг туслах эрэгтэй дүрийн эзэн боллоо.

📣 EMINEM 18 ЖИЛИЙН ДАРАА ОСКАРЫН ТАЙЗНАА ЭРГЭН ИРЛЭЭ

Энэ үдэш дуулна хэмээн огт мэдээлэл урьдчилж өгөөгүй, урлагийнхны дараалалд байгаагүй нэгэн эрхэм гайхалтай сюрприз барьсан нь репер Eminem байлаа. Тэрбээр 18 жилийн дараа Оскарын тайзнаа эргэн ирж, дуу дуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа хуваалцсан. Эминемийг дуулна гэж ямар ч мэдээлэлгүй байсан зочид эхлээд нилээд цочирдож, түүнийг танихгүй биеэ барьж байсан ч, Lose Yourself дууны аянд бүжиглэх нь бүжиж, дуулах нь дуулж байжээ.

📣 ХЭН ХАМГИЙН ХАЛУУХАН БАЙВ?

92 дэх удаагийн Оскарын наадамд хүрэлцэн ирсэн, нэр дэвшсэн одууд дундаас хамгийн гоёмсог даашинз өмсөж, дур булаам харагдаж байсан оддыг Hello Magazine, Vogue зэрэг сэтгүүлүүд тодорхойлохдоо Скарлетт Йоханссон, Шарлиз Терон нарыг онцолжээ. Скарлетын хувьд энэ жил Marriage Story кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй, Jojo Rabbit киногоороо шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналд тус бүр нэр дэвшсэн юм.

📣 НЭРТ НАЙРУУЛАГЧ СПАЙК ЛИЙ КОБИ БРАЙНТЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

Оскарын шагналт нэрт найруулагч Спайк Лий энэ үдэш Кобигийн дурсгалд зориулан Лос Анжелес Лейкерсийн үндсэн өнгө болох ягаан ба алтан өнгийн хослол өмссөн байлаа. Мөн хослол дээрээ Коби Брайнтын өмсөж тоглодог байсан дугаар болох 24 гэсэн тоог оёсон байсан нь хүмүүсийн хайр, хүндлэлийг зүй ёсоор татсан юм. Түүнчлэн Кобигийн нэрийн спорт пүүз өмссөн байжээ.

БНСУ-ын “Parasite” түүх бүтээж, 92 дэх удаагийн Оскарын наадмын “Шилдэг кино”-гоор тодорлоо

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадмуудын нэг гэгддэг кино академийн шагнал гардуулах Оскарын түүхэнд анх удаа гадаад хэл дээрхи кино “Оны шилдэг кино” болжээ. Нийт зургаан номинацид нэр дэвшсэн “Parasite” уран сайхны кино 4 төрөлд ялалт байгуулж, Өмнөд Солонгосын кино уран бүтээлчдийн чанар чансаа хэрхэн сайжирсныг харууллаа.

Жүжигчдийн төрлийн хувьд Хоакин Финикс “Joker”-ын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин, Рене Зелвегер “Judy” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин, Брэд Питт “Once Upon a Time in Hollywood” киногоор, Лаура Дерн “Marriage Story” киногоор шилдэг туслах эрэгтэй болон эмэгтэй жүжигчний шагналыг гардан авчээ. Дээрхи 4 жүжигчнийг өөрсдийн тус бүрийн номинацид ялалт байгуулах өндөр магадлалтай гэж таамаглаж байсан нь ч ийнхүү биелэгдлээ.

Харин Өмнөд Солонгосын “Parasite” кино нь оны шилдэг кино, олон улсын шилдэг бүтээл, шилдэг найруулагч, шилдэг дэлгэцийн эх зохиол гэсэн 4 том төрөлд ялалт байгуулж, үдшийн онцлох сэдэв болжээ. Урлаг соёлын үзүүлбэрүүдээс онцлууштай нь Билли Айлиш, Айдина Мензель, Элтон Жон нар байснаас гадна алдарт репер Эминем нь 18 жилийн дараа Оскарын тайзнаа эргэн ирж, дуу дуулсан нь хамгийн том сюрприз байв.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан