Хүйтэн алт хүний аминд хүрэх цаг…МАН тавиулуудаа Алтайгаас татна уу!

Болормаа…хоёр хүүгийн ээж, цэл залуухан, цэмцгэр бүсгүй. Их хотод сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, төрөлх Алтайдаа төвхнөн, залуу үеийнхний төлөө залуу насаа зориулахаар шийдсэн нэгэн. Орон нутагт эрч хүчтэй, эвдрээгүй мөрөөдөлтэй хүн тогтох нь ховор цагт Болормаа энэ алхмыг эрсэлж хийсэн.

Төрсөн нутагтаа яваад очиход ийм л нар шиг инээсэн охин угтаж, Хүүхэд залуучуудын шинэхэн ордноо танилцуулан, “Мазаалай” театрт тавьсан жүжгүүдийнхээ тухай ярилцан сууснаас хойш есөн сар өнгөрчээ. Өнөөдөр тэр алга. Өндөр Алтайн тэнгэр дор инээж, мөрөөдөж, хийж, тэмүүлж явсан хүний охин үр учир битүүлгээр амиа алдчихаад байна. Хамгийн хачирхалтай нь үүрийн 04:00 цагт машинаасаа хөшсөн байдалтай, аль эрт амьгүй болчихсон олдсон түүнийг 24:20 цагт аймгийн ЗДТГ-аас үл таних нэгэн үүрчихсэн байдалтай, Засаг дарга В.Рэнцэндоржийн туслах Энхболд дагалдан гарч явахыг жижүүр Д харсан байх юм. Энэ тухайгаа бичгээр цагдаад өгсөн тухайгаа ч харуул эр ярьж байна. Зариг.мн-ын ярилцлагыг орон даяар бүгдээрээ харлаа. Гэтэл Засаг дарга В.Рэнцэндорж зорьж очсон Зариг.мн, Товч.мн-ийн сэтгүүлчдэд юу ч болоогүй, архи уугаагүй, баяр тэмдэглээгүй…мэдэхгүй, мэдсэнгүй хэмээн ярьж зогсох юм.

Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр нарын эрчүүд хамт архи уугаагүй, хамтатгасан тамганы, төрсөн өдрийн баяр тэмдэглээгүй гэж амаа нэгтгэн андгайлах нь холгүй ярьцгаав. В.Рэнцэндорж бол өмнө цагдаа байсан, аймгийн МАН-ын дарга болсныхоо дараа намынхаа нэг залууг зодож, гарыг нь хугалсан, үүний улмаас тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан нэгэн. Энэ хүн чухам яагаад аймгийн Засаг дарга болтлоо крандуулчихав аа. Үүнд Бигэрийн алтнаас үүсэлтэй бэлтэй баячуудын лообий хангалттай үйлчилснийг алтайчууд бүгд харж байсан. МАН-ын залуухан генсек Амарбаясгалангийн Алтайд тараагаад гүйж явсан Макс угшлын хурдан удмын дааганаас эхлээд юм юм яригдана. Ганцхан Алтайд биш, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ гээд ашигт малтмалын нөөц ихтэй аймгуудад өрнөж буй албан тушаал, алт мөнгө, нүүрс зэсийн дайн нутгийн удирдлагыг лообийдон томилуулах, өндөр эрх мэдлээр далимдуулан эрх ашгаа эрэмбэлэх зэргээр илэрч, сорчилсон солигдсон дарга нарын дунд төрийн албан хаагчид хохирч, халаа сэлгээнд өртөж, дарамтлуулж байдгийн нэг том илрэл Говь-Алтайн Хүүхэд залуучуудын газрын дарга бүсгүйн амиа алдсан эл хэрэг болов. Камерийн бичлэг цагдаагийн гарт гэх.

Ямартай ч Засаг даргын өрөөнөөс талийгаач бүсгүйг үүрээд гарч явахыг харсан харуулын үг байсаар атал бүхэл бүтэн хүний амины асуудлыг том дарга нар хоорондоо хуйвалдаж, томдсон малгайтай намын эрх мэдэлтнүүд төөрөгдүүлээд өнгөрөх үү. Сүүлийн нэг жилд төрийн байгууллагын үүдээр хоёр хөл дээрээ ороод цогцос болоод гарсан хэргийн гурав дахь нь энэ боллоо. Г.Батхүү, Т.Гомбосүрэн, С.Болормаа… Талийгаач бүсгүй ээждээ Засаг дарга ажлаа өг гэж дарамтлаад байна гэж ярьсан байдаг. Оронд нь Амарбаясгалангийн гэх хүн томилогдох тухай яриа ч аль эрт гарсан байж. Ер нь МАН-ын эрх мэдэлтнүүдийн энэ мэтийн илрээгүй хэрэг хэр олон болж өнгөрдөгийг мэдэхгүй. Ярилцаж суугаа залуугийнхаа духанд барьж байсан балаа зоож байсан ууртай даргын тухай, МАН-ын том, жижиг дарга нарын ажилтнууддаа гаргадаг харгислалын тухай цөөнгүй сонсож л байсан. Хүйтэн алтны шунал яван явсаар хүний аминд хүрэв үү? Цаашдаа орон нутагт иймэрхүү хэргүүд илчлэгдэлгүй дарагдсаар байх уу?

 

Үгээ нэгтгээд, үйлээ нуугаад өнгөрч чадна гэж боддог, бүр бодохоор барахгүй босон суун хор найруулаад явж байдаг ямар том зүрх, яасан ичгүүргүй сэтгэл, яачихсан аймшигтай санаа зориг вэ? Алтайн тэнгэр, Алтайн уулс харж байгаа шүү. Хүний сайхан охин амиа алдчихаад байхад айгаагүй юм бол албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд шалгуулчих. Ардын намын дарга нар ах дүүсээрээ сүлбэлдсэн тавиулуудаа Алтайгаас татна уу!