Хавтаст хэрэг: Тэмээчин Байгалмааг өмөөрч нөхөр И.Нямдорж нь Цэнхэр үст Э.Цэрэнгийн Фэйсбүүкийг хакердаж ял сонсов

Тэмээчин Байгалмаатай холбоотой асуудал цахим орчинд өрнөхтэй зэрэгцэн Цэнхэр үст Э.Цэрэндолгорын цахим хаяг руу халдсан үйлдэл гарсан билээ. Тэгвэл энэ хэргийг цэнхэр үст Э.Цэрэндолгорын төрсөн хүү, тэмээчин Байгалмаагийн нөхөр И.Нямдорж хийсэн болох нь тогтоогджээ.

Тодруулбал,  И.Нямдорж  нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Натур” захын замын хойно байрлах “Black bean” нэртэй кофе шопоор үйлчлүүлэх үедээ хохирогч Э.Цэрэндолгорын “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ нэртэй, 3800 орчим найз, 113000 дагагчтай цахим мэдээллийн сүлжээ болох Фэйсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, бусдад зарсны улмаас “Цэрэн Турс” ХХК-ийн сурталчилгааны пэйж хуудас, Кафе Амстердам гэх 10000 орчим лайк дагагчтай хуудаснууд ашиглах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан  байна.  Тиймээс иргэн Э.Цэрэндолгор нь цагдаагийн байгууллагад хандаж энэхүү цахим гэмт хэргийг шалгуулсан бөгөөд хүү И.Нямдорж нь үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

И.Нямдорж хэргээ мөрдөн байцаалтын шатанд гэрчээр, яллагдагчаар татагдаад байхдаа  болон шүүх хуралдааны үеэр ч хүлээж байжээ. Тухайлбал

И.Нямдорж гэрчэээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би анх 2010 онд ээж Э.Цэрэндолгорын “Tseren Enebish” нэртэй фэйсбүүк хаягийг нээж өгч байсан. 2010 оноос хойш 10 орчим төрлийн нууц үг ашиглаж байсан, бүгдийг нь мэддэг байсан. Бидний харилцаа 2014 оноос хойш бид таарамжгүй харилцаатай болж эхнэр Байгалмаа бид хоёрыг сошиал ертөнцөд хэл амаар доромжилж дарамтлах болсон. Үүнээс болоод сүүлийн 5 жил харилцаа холбоогүй байсан. 2019 оны 5 дугаар сард би ээж Э.Цэрэндолгорын фэйсбүүк хаягийн хуучин нэвтрэх нэр, нууц үгүүдийг хийж үзэж байгаад нэвтэрч орсон. Тэгээд уг “Tseren Enebish” гэх хаягны нэвтрэх нэрийг хадам аав Нанжидсүрэнгийн 80664660 дугаараар бүртгүүлж нууц үгийг сольж өөрийн мэдэлд уг хаягийг авсан. Тэгээд хуурай ах Амгалан гэх хүнд хандаж 112.000 орчим дагагчтай фэйсбүүк хаяг байна, зарах боломж байна уу гэж асуухад болох байхаа эхлээд 500.000 төгрөгийн урьдчилгаа өгье нэвтрэх нэр нууц үгийг нь өгчих, хэсэг хугацааны дараа зараад 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохирсны дагуу 500.000 төгрөг авч фэйсбүүк хаягийг Амгаланд өгсөн…”

Яллагдагчаар татагдаад байхдаа  “…цахим хаягт нэвтэрч ороод код болон гар утасны дугаарыг нь өөрчилж, чатуудыг нь хуулбарлан авсан. Би тухайн үед тус хаягийг худалдан борлуулах зорилгогүй байсан бөгөөд түүнээс хойш хүний дам ярианаас сонсоход олон дагагчтай цахим хаяг үнэ хүрдэг гэж сонссон тул Амгалан гэх хүнтэй уулзаж, тус цахим хаягийг 2.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Амгалангаас урьдчилгаа 500.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг нь одоо болтол аваагүй. Нанжидсүрэн гэх хүн манай эхнэр Байгалмаагийн аав юм. 80664660 дугаарын утас нь манай аав Нанжидсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй боловч хүн ашигладаггүй дугаар байсан учир би тус дугаар фэйсбүүкт бүртгэлгүй байсан болохоор өөрийн төрсөн ээж Э.Цэрэндолгорын цахим хаягийн нэвтрэх кодыг нь сольж, 80664660 дугаарт бүртгүүлсэн…”  гэх мэдүүлэг

Гэм бурууг нь тогтоох шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хууль бус үйлдэл хийснээ ойлгож мэдэж байгаа. Хийсэн шалтгаан нь бол миний ээж намайг болон миний эхнэрийн талаар сошиал ертөнцийг ашиглан муугаар хэлж, дарамталж, нэр төр гутаасан асуудал байдаг. Үнэхээр хохироогч хакердуулсан нь үнэн юм бол яагаад нууц үгээ солиогүй юм бэ? Миний бодож байгаагаар би жаахан тэвчээртэй байсан бол хохирогч энд байгаад, би хохирогчийн суудал дээр сууж байх байсан болов уу гэж бодож байна. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийнх нь gmail хаягийг хакердсан гэж дурдсан байдаг. Энэ үед манай эхнэр 10 хоног уушгины эмнэлэгт хэвтэж байсан. Иймэрхүү байдлаар бид нарыг дарамтлаад байдаг болохоор ийм хууль бус үйлдлийг үйлдсэн” гэж мэдүүлж байсан аж.

Харин энэ хэргийн талаар олноо цэнхэр үст Цэрэн гэх нэрээрээ танигдсан  Э.Цэрэндолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: “…2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчим би өөрийн хувийн фэйсбүүк хаягаа ашиглаад байж байтал гэнэт “таны цахим хуудсыг түр хаалаа” гэсэн утгатай сануулга орж ирээд, дараа нь “дахин энэ хаягаар нэвтрэн орж байна, тан мөн үү” гэсэн сануулга ирээд хэдэн секундийн дотор миний нууц үгийг нууцалсан ж-майл хаяг руу явууллаа гэсэн санамж гарч ирээд алга болсон. Түүнээс хойш би өөрийн Цэрэн Энэбиш гэх фэйсбүүк хаяг руугаа орж чадахаа болсон. Миний фэйсбүүкийн нууц үгийг сольсон IP хаяг нь 199.249, 230.83 гэсэн IP хаяг гарч ирсэн. Миний хаягийг авсан этгээд “би фэйсбүүкээ алдаад эргүүлээд авлаа” гээд хүмүүсийг төөрөгдүүлсэн шинжтэй зүйл бичиж эхэлсэн. Би өөрийн фэйсбүүк хаягаа анх 2010 онд “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ гэх хаягаар нээж байсан. 3800 орчим найз, 113000 дагагчтай. Мөн миний хаяганд “Цэрэн Турс” ХХК-ийн /аялал жуулчлалын чиглэлийн/ сурталчилгааны пэйж хуудас, нэг нь 8000 лайк дагагчтай, нөгөө нь 12000 лайк дагагчтай пэйж хуудаснууд байсан. Мөн Кафе Амстердам гэх 10000 орчим лайк, дагагчтай хуудаснууд ашиглах боломжгүй болсон. Миний хаягаас ороод надтай харьцдаг, миний хаягаа алдсан талаар мэдэгдсэн хүн болгон руу хандаж ёс бусаар доромжилсон байсан, миний цахим хаягт хууль бусаар алдагдсан хугацаанд хувийн мэдээлэл, хувийн захидал харилцааг задалж бусдад тараасан. Миний нэр хүндэд халдаж гутаан доромжилсон. И.Н миний цахим хаягт миний зөвшөөрөлгүй нэвтрэх эрх байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй …” гэж мэдүүлж байжээ.

И.Нямдоржийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Улмаар Шүүх И.Нямдоржид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Ингээд И.Нямдоржийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.

Давж заалдах шатны шүүхээс энэ шийдвэрийг хэвээр нь баталсан юм.

Хүний цахим орчинд халдах нь өөрөө гэмт хэрэг бөгөөд ийнхүү эхнээсээ ял авсаар байгаа юм.