Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагыг АТГ-ынхан шалгаж эхэлжээ

Хотын төвөөс буйдхан, Зайсангийн аманд Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС) хэмээх цагтаа 10 гаруй мянган оюутантай, дээд боловрол олгодог байгууллага байв. Байв ч гэж, одоо ч бий. Гэхдээ тухайн үеийнх шиг олон оюутан суралцахаа больж, 4000-5000 хүн номын дуу сонсож буй юм билээ. Улсын төсвөөс санхүүждэг энэ сургуулийн болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэл аманд нэг бус удаа холбогдож, шүүгдэгчийн сандалд суусан, яллагдагчаар татагдсан тогтоолоо өвөртлөөд явсан тохиолдол нэг бус. Тус сургуулийг удирдаж байсан эрхмийн холбогдсон үйлдлийг шүүх цагаатгасан бол, ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал албан тушаалтай Т.Батсүхэд холбогдох хэргийг өдгөө болтол АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасаар буй билээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлнэ хэмээсэн ч 2016-2017 оноос хойш ямар ч шийдвэр гаргалгүй өдий хүрч байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт холбогдуулан шалгасаар багагүй хугацаа өнгөрсөн юм.

Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг Монголдоо ганц хэмээж байсан энэ сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн нь ийнхүү АТГ-ын үүдээр 4-5 жил эргэлдэж байгаа бол ХААИС-ийн захирал Т.Хэрүүгатай холбоотой гомдлыг багш, ажилчид нь Ерөнхий сайд болон салбарын сайд, дэд сайд, хууль сахиулах байгууллагад хүргүүлжээ. Ингэснээр АТГ-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм байна. Багш нарын гомдол, мэдээлэлд дурдсан хэд хэдэн ноцтой баримтаас эш татан уншигчдад хүргэе.

ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА ГЭВ

УИХ-аас баталсан Шилэн дансны тухай хуулийн 6.1.1-т “Тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны дотор тогтмол мэдээлнэ”, 6.10 дахь хэсэгт “Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрт түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг хавсаргасан байна” хэмээн заасан. Гэвч сүүлийн жилүүдэд уг хуулийг мөрдөж, шилэн дансаа хэрхэн хөтөлж буйг ХААИС-ийн жишээнээс хараад уншихад ч, ойлгоход ч бэрх, нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэрийг санагдуулам байгааг нуух юун. Тус сургуулийн сургуулийн шилэн дансны мэдээлэлд тодорхойгүй олон гүйлгээг зөвхөн эрх бүхий албан тушаалтнууд хийж, бэлэн мөнгө данснаасаа аван гадаад орныг зорьсон тохиолдол нэг бус гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажилладаг юм байна. Тэрбээр хувийнхаа дансаар олон сая төгрөг сонгон шалгаруулалтгүйгээр гарган авсан хэмээн багш, ажилтнуудын гомдолд дурджээ.

Түүнчлэн инженер, технологийн сургуулийн захирал Г.Энхбаяр, Ж.Батчулуун нар тус сургуульд жолооны курс ажиллуулах, үүний тулд БНСУ-аас автомашин оруулж ирнэ хэмээн 167 сая төгрөг бэлнээр авсан гэнэ. Ингэхдээ ямар ч тендер зарлалгүйгээр, өөрсдөө халааслаад явсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж багш, ажилтнууд нь үзэж буйгаа илэрхийлэн холбогдох албан тушаалтнуудад гомдлоо хүргэжээ. Дээрх мөнгөөр тэдний авчирсан гурван автомашин нь жолооны курс хичээллүүлэхэд ашиглах боломжгүй байсан уу, эсвэл өөр шалтгаанаас болсон уу, бүтэн жил өнгөрөхөд зориулалтын дагуу нэг ч удаа хэрэглээгүй гэх. Мөн ХААИС-ийн нэг нягтлан бодогч нь 2018 оны эхээр албан томилолт авч Японыг зорихдоо мөн л автомашин авчирна хэмээн их хэмжээний бэлэн мөнгө гаргуулан авч явсан нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүйг ч дурджээ. Түүгээр зогсохгүй цалингийн шатлал будилаантай, 15 жил ажилласан ахлах багш, доктор цол зэрэгтэй багш нэмэгдлээ оруулаад гартаа нэг сая орчим төгрөг авдаг нь нярвынхаасаа ч бага буй талаар дурдсан байна.

ТУСЛАХ, ЗӨВЛӨХ ЗЭРЭГ ОЙРЫН ХҮМҮҮСЭЭ ГАДААДАД ЗУГААЛУУЛСАН УУ

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга зөвлөх, туслах, жолооч гээд ойр, дотнын хүмүүсээ гадаадаар аялуулдаг, ингэхдээ хуурамч баримт бүрдүүлж АНУ-ын ЭСЯ-нд өгсөн тухай мэдээлэл ч байгаа юм. Бас тодорхой ажил хийдэггүй хэрнээ сул цалин авдаг хүмүүс бий. Сургуулийн дотоод журмаа зөрчин ойрын хүмүүстээ тэтгэмж, цалин олгодог талаар гомдолдоо дурдаад, цалингийнх нь дэлгэрэнгүйг хавсаргасан байх юм.

Хамгийн ноцтой нь бүрэн дунд боловсролтой жолоочоо болон ХААИС-д огт хамааралгүй хүнийг эрдэм шинжилгээний ажилтан, багш мэтээр баримт бүрдүүлж, АНУ-ын ЭСЯ-ныхныг ч хууран мэхэлж, аялуулсан аж. ХААИС-ийн инженер механик мэргэжлийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг Монгол Улсаас анх удаа олон улсад магадлан итгэмжилсэн. Ийнхүү итгэмжлүүлэхийн тулд ХААИС-ийн болон Инженер, технологийн сургуулийн багш, ажилтнууд 2015 оноос хойш бэлдсэн юм байна. Улмаар 2018 онд таван жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж дэлхийд данслуулжээ. АНУ-ын ABET гэх боловсролын байгууллагаас ийнхүү итгэмжилж, өөрсдийн зохион байгуулж буй олон улсын хуралд тус их сургуулийн нэр бүхий багш нарыг оролцуулахаар урьсан аж. Гэтэл огт ажилладаггүй Б.Энхбадрал, ХААИС-ийн захирлын жолооч Б.Баярсайхан нарыг Инженер, технологийн сургуулийн ахлах багш гэж дөрвөн төрлийн хуурамч тодорхойлолт, бичиг баримт бүрдүүлэн АНУ-ын дээрх байгууллагаас урилга авч, виз олгуулан, явуулжээ. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард далайн чанадыг зорьж, уригдсан багш нар хурал зөвлөгөөнд оролцон, илтгэл тавьж, мэдээлэл солилцож байхад нөгөө хоёр нь зугаалж байсан гэнэ. АНУ-ын АВET байгууллагаас оролцогчдод тусгай код өгч бүртгэлийн программд нэвтрүүлдэг бөгөөд нөгөө хоёр хуурамч бичиг баримттангууд нь үүнд бүртгүүлээгүй аж. Түүгээр ч зогсохгүй жолооч нь АНУ-д зургаан сар хараар ажиллаж байгаад өнгөрсөн аравдугаар сард ирж ажилдаа орсон хэмээн багш нар гомдолдоо тодорхой бичиж, баримтыг нь хавсаргасан байна.

Энэ мэтээр төрийн хөрөнгөөр ойрын хүмүүсээ зугаалуулсан явдал цөөнгүй гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэр бүхий долоон хүнийг Манжуурт аялуулжээ. Ингэхдээ төсвийн хөрөнгөөс 8.8 сая гаруй төгрөг гаргасан аж. Өмнөд хөршийн тус хотод аялах зардал хамгийн ихдээ 300 гаруй мянган төгрөг байдаг. Үүндээ байр, хоол, унаагаа багтаадаг. Түүгээр нь тооцвол сургуулийн хөрөнгөөс 6.7 сая төгрөг үр ашиггүй үрэгдүүлсэн гэж багш, ажилтнууд нь үзэж буй юм.

Энэ мэт олон жишээ, баримтыг энд эш татахад сонины зай, талбай багадах билээ. Түүнээс зарим онцлох хэсгийг нь энд дурдлаа. Ерөнхий сайд, БСШУС-ын сайд зэрэг албан тушаалтанд хүргүүлсэн эдгээр гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тиймээс бид цаашид ХААИС-ийн удирдлагатай холбоотой гомдлыг яаж шийдвэрлэсэн, багш ажилтнууд нь хэрхэн хандаж буй талаар эргэн мэдээлэх болно. Юутай ч АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихээд шалгаж буй болохоор багш, ажилтнуудын гомдол үндэслэлтэй, эсэхийг сайтар нягтлах биз. Харин ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гомдолд дурдсан асуудалд гэм буруугүй гэдгээ нотлохын оронд “улс төрийн зорилгоор намайг шалгалаа” хэмээн прокурорын байгууллагад хандсан сурагтай.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин