Н.Ган-Од: Хайр ял биш, алба биш, ажил биш

Хайр ял биш, алба биш, ажил биш. Хайрласан зүрх өөрөө өөртөө ариусан дэлгэрдэг жамтай учраас бусдаас хариу горилох хэрэггүй л болов уу? Чи хайраас үүссэн аз жаргалт агшин
Чи халуун дулаан илч бэлэглэсэн нандин хүсэл мөрөөдөл

Зүрхнээс урсах аялгууг сэтгэл дотроо бичиж
Зүүднээс ургах дүрийг сахиус болгон шүтэж
Эгэл нэгэн сэтгэлд жолоо алдан тэмүүлж
Энэ хорвоод зөвхөн ЭР хүн чамайг л хайрлья!

Хүнлэг нүнжигтэй хандлаганд чинь
Хөгжилтэй эгдүүтэй занд чинь
Хээгүй зоргоороо сэтгэлд чинь
Хөл алдан дурласан юм аа би!

Зүггүй уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачихаад аргадуулахсан
Зөндөө их саначихаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан

Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан…?

Чинийхээ дэргэд байгаад л баймаар
Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар

Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн

Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарт чинь атгуулан суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь цохилтыг мэдрээгүй гэж үү?
Өрөөл болгоноос харамлаад байхад ухаараагүй гэж үү?

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг

Өглөө бүхэн мессеж биччихэд чинь дотносно гэж санасангүй
Өгөөмөр нүнжигэнд чинь татагдана гэж мэдсэнгүй
Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
Нээрээ би чамд дэндүү дасжээ…

Уулзмаар санагдах нь дассаных байх
Уйлмаар санагдах нь санасных байх
Уурлаж гомдох нь итгэснийх байх
Учраад баясах нь хайрласных байх… тийм үү?

Чамайг харахаар чи нэг л содон!
Чамгүй байхаар би нэг л сонин!
Чамтай байхаар би нэг л жаргалтай!
Чамдаа би зүгээр л хайртай!

Зөрөөд өнгөрөх тавилан юм бол битгий учруулаач!
Зөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч!
Нулимс унагаах хайр юм бол битгий дасгаач!
Нэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач!

Хүрч болшгүй Эрхэмсэг төрх
Хайрлаж зүрхлэмгүй хүнлэг сэтгэл
Хүн бүхнээс харамлам сайхан инээмсэглэл
Хэзээ ч бүтэхгүй санагдах миний дурлал

Дуулим энэ орчлонд
Дурлал гэж үгүй бол
Тоост энэ хорвоод
Тоож би төрөхгүйсэн

Нарнаас цацраг таслаж зүрхнийхээ ханхүү болгье чамайгаа
Навчисаас үндэс гуйж царс болгье чамайгаа
Сарнаас өнгө булааж сэтгэлийнхээ нар болгье чамайгаа
Салхинаас эгшиг авч аялгуу болгье чамайгаа

Уруул даваагүй хайрын
Зүрхэнд яргах үндэс
Учрал нээгээгүй уруулын
Зүүдэнд дэлгэрэх миний л хайр

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг ойлгож уншаарай
Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм
Уулзаад салахдаа санадаг байсан болохоороо би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм

Өөрт чинь би дасчихжээ уучлаарай
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй
Өдөр бүр санах болжээ итгээрэй
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой
Буцааж болдоггүйгээр хайрладаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг…