Харь газраас эх нутгийн тухай сураг чимээ сонсохоор бүх юм сүйрч байгаа, сүйдэж байгаа, сүйтгэж байгаа л юм дуулдаад байгаа биз? Ядахад аав ээж ах дүүсээс үнэн үү гэж асуухаар “үнэн гэнэ лээ” гээд л баталгаажуулаад байгаа биз?

Бүх гол ширгэсэн, хотын гудамж битгий хэл хөдөө талаар дүүрэн хужаа, хаа сайгүй уурхай нэртэй нүх ухчихсан, ямар ч өвс ногоо байхгүй, энд тэндгүй хүүхдүүд үхээд, бас хүчиндүүлээд, тэрийг нь харсаар байж хэн ч тоодоггүй, төр дүүрэн хулгайч, хужаа нар, шүүх цагдаа нь тэднийг хамгаалаад л, зүгээр гэртээ сууж байсан монгол хүн хэлмэгдэж шоронд ороод л…. Аймаар аймаар юм дуулдаж байгаа биз? Тэгээд босож тэмцээч ээ гэхээр таг. Та тэнд боож үхэх гээд л байдаг. Яачихсан ард түмэн байдаг  гээд.

Яагаад хэн ч босож тэмцэхгүй байгааг нь хэлж өгье. Бүх юм яг эсрэгээрээ байгаа болоод л тэр шүү дээ. Тогоонд байгаа сүүнд ганц хялгас байвал хэн ч гэсэн тэр хялгасыг л ярина. Жорлонд ганц чихэр унагачихвал тэр чихрийг л ярина. Нэг тиймэрхүү ховор юм ярьж л зугаатай ч гэх үү, наргиантай ч гэх үү, завтай ч гэх үү цагийг өнгөрөөж сууна даа энх амгалан Монгол нутагт чинь.

Хэт их жаргал дунд хэсэгхээн зовлон амттай гэж. Дайн дажин, өвчин зовлон, өлсгөлөн гуйланчлал дүүрсэн газарт бол “тэр тэгэж амьд үлдэж гэнээ, болж дээ хө” гэсэн шүү юм ярьдаг биз. Базарваань хумпад хүсэх юм биш.

Мэдээж овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж бүх юм 100% сайхан биш ээ. Гэхдээ 90% нь хэвийн тайван байгаа. Ажилдаа яваад л, баярлаж наадаад л, инээхдээ инээж уйлахдаа уйлж… амьдралын хүрд жигд эргэж байна.

Амьдрал хэвийн амгалан тайван, сайн сайхан байгаагийн хамгийн том илэрхий нотолгоо бол төрөлт. Өнөө үед 3 хүүхэдтэй байх нь цөөндөө тооцогдох гээд байна шүү. Амьдрал үнэхээр хүнд байсан 1990-ээд онд төрөлт огцом багасч байсныг санаж буй биз ээ.

Интернетээс сонсогдсон мэдээг Монголдоо байгаа ах дүүс чинь баталгаажуулаад байгаа тухайд, ТВ сониноор нь бас л тийм юм гаргаад байгаа юм чинь. Яагаад гэвэл нэгд өмнө хэлсэнчлэн нийтлэг биш сонин содон учраас тэр, хоёрт сэтгүүлч нэртэй хэдэн хүүхдүүд залхуураад ФБээс голдуу мэдээ бэлтгэдгийн зайлуул…

Та сонссон үзсэн мэдээндээ бүрэн итгэхээсээ өмнө эргэцүүлж нэг бодоод үзнэ биз. Төгсгөлд нь хэлэхэд эх орон чинь сүйрээгүй, сүйрэх ч үгүй. Монголын заяа их шүү.