50 сая төгрөг шантаажилсан хэрэгт Х.Бат-Ялалтыг хорих санал гаргасан ч шүүх хэлэлцсэнгүй

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарт ямар нэг ашиг сонирхол байна уу, эсвэл Х.Бат-Ялалттай танил тал, найз нөхдийн харилцаатай юм уу, цагдан хориулах гэсэн прокурорын саналыг нь хоёр дахь удаагаа хэлэлцсэнгүй. Уг нь НПГ-аас Х.Бат-Ялалтад мөрдөн байцаах ажиллагаанд санаатай саад учруулж байна хэмээн үзэж цагдан хорих саналаа өнгөрсөн даваа гарагт дээрх шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч Х.Бат-Ялалт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд НПГ-аас Х.Бат-Ялалтыг цагдан хориулах саналаа тус шүүхэд гаргаж байсан ч хэрэгсээгүй юм.

НПГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13-1 дэх хэсэгт заасан “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1-1.2, 14.1-1.3, 14.1-1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэснийг үндэслэн Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хандаж байсан юм. Энэ удаа ч уг заалтыг үндэслэн саналаа хүргүүлсэн ч “Х.Бат-Ялалт өмгөөлөгч авна” гэсэн хүсэлт гаргаснаар хэлэлцсэнгүй. Уг нь дээрх хуулийн 14.13-т яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг хийх талаар тусгасан байдаг агаад түүнд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хурлыг хойшлуулах, хэлэлцэхгүй удаашруулах талаар нэг ч заалт байхгүй ч шүүгч Л.Галбадар хуульд байхгүй үндэслэлээр цагдан хорих саналыг хэлэлцсэнгүй.

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа