-Д.Эрдэнэбилэгийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа гэмт бүлэг байгуулсан гэж үзжээ-

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг нэлээд удаан хугацааны турш шалгаж, 150 орчим хавтаст материал бүрдүүлсэн уг хэргийг тус шүүхийн шүүгч нар өнөөдрөөс танилцаж эхэлнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлэн давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж буй юм билээ.
Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг гэмт хэрэг үйлдэх замаар өөрийн эзэмшилд авч, ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж буй.
Тэдэнд холбогдох хэрэгтэй шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд танилцаад, шүүх хурлаар хэлэлцэх, эсэх, прокурорын хяналтад буцаах, үгүйгээ шийдвэрлэх юм.